Монгол Улсын Засгийн газрын халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Тапан Мишра Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хандан, коронавирусний халдварын цар тахлын эсрэг арга хэмжээг манлайлан зохион байгуулж, шийдэмгий арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэгжүүлж буйг онцлов. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг сайшаав.
Түүнчлэн НҮБ-аас Монгол Улсад Эрүүл
мэндийн онц ноцтой байдлын эсрэг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, коронавирусний
халдвараас шалтгаалсан нийгэм, эдийн засгийн хор хохирлыг бууруулах чиглэлээр нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох гэж байгааг танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд
Д.Сарангэрэл коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсад шаардлагатай
тусламж дэмжлэгийг үзүүлж, хамтарч ажиллаж байгаад НҮБ-ын Монгол Улс
дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин
төлөөлөгч Др. Сергей Диордица нарт талархал илэрхийлэв. Тэрээр Хан-Уул дүүрэгт
барьж буй Эх, хүүхдийн эмнэлгийг коронавируст халдварын бэлэн байдлыг хангах
зорилгоор ашиглах гэж байгааг танилцуулж, эмнэлгийг шинээр ашиглалтад
оруулахтай холбоотой дэлгэх ор, тохижилтын асуудал тулгамдаж байгааг онцолж тодорхой
дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра НҮБ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлсэн юм.