Эрээн хотоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-18 11:57:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн 58 иргэний сорьцод хийж буй шинжилгээний хариу маргааш гарна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр танилцууллаа. 


ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 83 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт нэг, ажиглах байранд байгаа 63 хүний давтан шинжилгээ багтаж байна. Мөн тандалтын зорилгоор хот, орон нутгийн эмнэлэгт хэвтэж буй 13, Замын-Үүдээс ирсэн таван сорьцод коронавирусний халдвар илрээгүй аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд коронавирусээр халдварласан иргэдийн биеийн байдал тогтвортой байна. 

Франц иргэний шинжилгээнд нэг сорьцод коронавирус илэрч, бусад нь сөрөг гарч байгаа аж.

Холбоотой мэдээ