Дэл уулын аргаль, янгирын сүрэгт өвс тавьж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-20 16:09:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГ, Тагт багийн удирдлагууд, байгаль хамгаалагчид, иргэд хамтран Дэл ууланд өвөлжиж байгаа аргаль, янгирын сүрэгт өвс тавьж өгчээ. Энэхүү үйл ажиллагааг Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. 

Дэл ууланд 300-400 орчим аргаль, янгир байдаг талаар тус сумын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн танилцууллаа.

Өнгөрсөн зун аймгийн нийт нутгаар бороо хур бага орж, бэлчээрийн гарц муу байсан учраас Дэл ууланд ч мөн гандуу, мал, амьтны хоол муу байгаа аж.

Дэл уул тус аймгийн Өлзийт сумаас баруун урагш 60-80 орчим км-т оршдог бөгөөд энэ ууланд монголчуудыг төдийгүй, дэлхийн хүн төрөлхтнийг гайхашруулах хэд хэдэн гайхамшиг байдаг байна.

Дэл уул нь хадны зураг, булш, хиргэсүүр, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгал элбэгтэй, байгалийн сонин содон тогтоц олонтойн дээр аргаль, янгир, хар сүүлт гөрөөс зэрэг ховор ан амьтан элбэгтэй, төрөл бүрийн эмийн ургамалтай ажээ. 

Холбоотой мэдээ