Ламын гэгээний хийд

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-21 10:21:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цахим музей" - цуврал 1
Ламын гэгээний хүрээ хийд
Бүтээлч: Зураач П.Цэрэндорж
Он цаг: ХIX зууны эхэн үе
Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцан 1680-аад оны үед өөрийн хийдийг Баянзүрхийн хонхор хэмээх газар байгуулжээ. Тэнд Ламын гэгээний хийд дөрвөн жарныг өнгөрөөж гэгээний долоон дүр ээлжлэн тодорч, 2000 гаруй лам хуврагтай найман дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх Монголын шашны соёл боловсролын томоохон төв байсан байна.
Сайн ноёны хошуунаас тусгаарласан Эрдэнэ бандида хутагт буюу Ламын гэгээний шавийн засаг захиргааны анхан шатны нэгж нь дацан хурал байсан бөгөөд лам, хар шавь нарыг тэдгээрт хуваан захируулдаг байж. Үүнд Нүвлэн /баруун дацан/, Шарилан /зүүн дацан/, Мамба /эмчийн дацан/, Жадар /тарнийн ёсны бурхны дацан/, Гүшиг /Гэгээний дэргэдэх шадар дацан/, Диваажингийн /тусгай хурлын дацан/, Жий /их цуглаан нийтийн хурлын/, Дуйнхор дацан зэрэг найман дацан байжээ. Дацанг тамгын газраас томилсон зайсан лам тэргүүлж, түүний доор бичээч, бошго, дэмч, зарлага ажиллаж байв.
Тус хийдэд хамба Дүвжүү, ловон Жамбацэвээн, зурхайч Агваангомбо зэрэг эрдэм чадалтай лам нар олон байжээ. 20-р зууны эхээр Ламын гэгээний хүрээнд найман дацан, 18 дуган, гэгээний суудаг Лаврин орд, Дэдлин хийдийн 10 гаруй дуган, бархан зэрэг нийт 41 сүм дугантай дөрвөн талдаа их хаалгатай сүм дуганууд нь орой дээрээ алтан шармал ганжир, хорол, бодь гөрөөсөн чимэглэлтэй байв. Хутагтын шавийн захирагч нь Шанзудба гэдэг тушаалтан байсан байна.
Тус хүрээ хийд нь халх Монголын аль нэг аймгийн харьяа бус Эрдэнэ бандида хутагтын шавийн хүрээ хийд байсан бөгөөд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Ламын гэгээний хүрээг хааж бурхан тахил, ном судрыг шатааж устган сүм дугануудыг ихээхэн гэмтээжээ. Одоо уг Дэдлэн хийдийн хурал номыг сэргээн Баянхонгор сумын төвд Дэдлэн нэртэй хийд байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуучин Ламын гэгээний хүрээний туурин дээр үлдсэн 3-4 дуганыг сэргээн засварлаж туурин дээр хурлын шинэ сүм барих зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

1909 онд Финландын археологич Сакари Паслийн авсан Ламын гэгээний хүрээ хийдийн гэрэл зургууд одоо Финландын Үндэсний музейн цуглуулгад байна.
Холбоотой мэдээ