Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим механизм байгуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-04-21 17:54:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны цахим механизм өнөөдөр анхдугаар хурлаа хийв.


Энэхүү хурлыг монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар, хятадын талаас ГХЯ-ны Азийн газар ахалж буй юм. Цахим хуралд хоёр улсын эрүүл мэнд, хил, гааль, мэргэжлийн хяналт, боомт, худалдаа, тээвэр, иргэний нисэхийн асуудал хариуцсан төв байгууллагын болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот,  Шанхай хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн хот дахь Консулын газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Замын-Үүд дэх Ерөнхий консулын газрын төлөөлөгч оролцов.



Энэхүү механизмын гол зорилго нь талууд цахимаар холбогдож, COVID-19-өөс сэргийлэх, оношлох, тусгаарлах, эмчлэх болон хорио цээрийн дэглэм, хяналт шалгалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлж, туршлага солилцоход оршиж байна.


Хурлаар хяналтыг чангатгаж, хоёр талын эрүүл мэндийн байгуллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо болон бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, гарц шийдэл олох, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах болов.

Холбоотой мэдээ