Эрээнцавын боомтод ариутгалын пункт барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-21 20:51:41

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Эрээнцавын боомтод мананцаржуулж ариутгах пункт барихаар болжээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чулуунхороот суманд ажиллаж, дээрх ажлыг гүйцэтгэх компанийн төлөөлөлтэй уулзаж, зураг төсөлтэй танилцан үүрэг чиглэл өгсөн байна. Ариутгал халдваргүйтгэлийн пунктыг энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Олон улсын Эрээнцав боомтоор нэвтрэх хүн тээврийг бүрэн зогсоосон ч балжмалын бүтээгдэхүүн буюу ачаа тээвэр хэвийн явж байгаа. Хоёр хөршид коронавирусний халдварын тохиолдол өндөр байгаа учир халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, галт тэрэгний ачаа тээврийг бүрэн ариутгах шаардлагатай байгаа юм. Галт тэрэг ариутгалын пунктыг барьж ашиглалтад оруулснаар төмөр замтай бусад аймагт туршлага болно гэдгийг тус аймгийн удирдлага онцолж байна.   

Холбоотой мэдээ