Малжуулах үйл ажиллагаа Мянгад, Дөргөн суманд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-26 12:59:17

Ховд /МОНЦАМЭ/. Өвлийн улирал алслан холдож, урин дулаан хаврын өдрүүд ийнхүү айлчлан ирлээ. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн малчин хүн бүрийн сэтгэл тэнүүн байна.

Энэ үеэр Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж буй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр буюу малжуулах үйл ажиллагааны үр дүнгийн талаар сурвалжиллаа.

Ингэхдээ тус хөтөлбөрийн үр шимийг бодитоор хүртэж, дөрвөн улирлын турш нутаг бэлчээр сэлгэн нүүдэллэж, мал сүргээ өсгөн үржүүлж буй зарим сумын малчинтай уулзсан юм.   

Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн цөөн малтай болон малгүй иргэдийг малжуулах замаар ажлын байртай болгоход чиглэж буй.  


Мянгад суманд 17 малчныг малжуулжээ 


Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мянгад суманд 2017-2019 онд нийт 17 малчныг малжуулсан байна.

Онцлоход, Мянгад сумын Чацарганат багийн залуу малчин Б.Батзаяа 2014 оноос эхлэн мал маллаж байна. Эднийх сумын төвөөс 45 км зайд буюу Хужиртын адаг гэх газарт хаваржиж буй.

Өнгөрсөн 2017 онд 98 толгой мал тоолуулж, улмаар Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан. Ингээд 166 бог мал авчээ.

Энэ жил Мянгад сумын нутгаар хаваржилт хэвийн байна. Намар, хаврын улиралд гол дагуу, өвөл уулын бүсээр нутаглаж, жилд 4-5 удаа отор нүүдэл хийдэг. Цаашид мал сүргээ өсгөн үржүүлэх, сүргийн бүтцийг чанартай болгоход анхаарна гэж малчин Б.Батзаяа хэллээ.


Л.Энхтөр: Мал маллахын зэрэгцээ хадлан бэлтгэж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг


Мянгад сумын Чацарганат багийн малчин Л.Энхтөрийнх сумын төвөөс 29 км зайд буюу Хоёр голын эх хэмээх газарт хаваржиж байна. Эднийх 2007 оноос эхлэн мал маллаж байгаа.  2019 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 50 эм ямаа авчээ.

Анх 100 гаруй малтай байсан бол өдгөө өсөн үржиж 200 гаруй тоо толгойд хүрээд байна. Энэ жилийн тухайд 80 орчим төл авсан байна. Мал маллахын зэрэгцээ хадлан тэжээл бэлтгэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлдэг хэмээн малчин Л.Энхтөр ярив.


Н.Батцэрэг: Шаргуу хөдөлмөрлөхөд боломж үргэлж нээлтэй байна


Мянгад сумын Гахайт багийн малчин Н.Батцэрэгийнх сумын төвөөс 20 км зайд Давхар дүүрэг гэх газарт хаваржиж байна. Эднийх 2006 оноос эхлэн мал маллаж байгаа. 2019 онд малжуулах хөтөлбөрт хамрагдсанаар 57 бог мал авчээ. Одоогоор 150 гаруй малтай. Энэ жил 100 орчим төл авсан байна. Малчин Н.Батцэрэг хэлэхдээ: Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь мал маллах чин хүсэлтэй,  цөөн тооны эсвэл малгүй иргэдэд бодит дэмжлэг болж чадаж байна. Цаашид мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ арьс, шир, сүү, цагаан идээ боловсруулж, зах зээлд борлуулах замаар өрхийн амьжиргааг дээшлүүлнэ. Мал маллах явцад бэрхшээл үүсдэг. Гэхдээ шантарч болохгүй. Зорилго тэмүүлэлтэй, шинийг эрэлхийлэгч байж, шаргуу хөдөлмөрлөхөд боломж үргэлж нээлтэй байна гэж боддог хэмээв.


Дөргөн суманд 11 малч\иынг малжуулжээ


“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн Дөргөн суманд 2017-2019 онд 11 малчныг дэмжиж нийт 1202 мал олгожээ. Ийнхүү малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр шимийг хүртэж яваа зарим малчны ажил үйлсийг сурвалжиллаа.


Б.Рагчаадорж: Хөтөлбөрт хамрагдсанаар малын тоо толгойг нэмэгдүүлэх боломжтой


Дөргөн сумын Сээр багийн малчин Б.Рагчаадорж сүүлийн дөрвөн жил тасралтгүй мал маллаж байна. Эднийх сумын төвөөс 17 км зайд буюу Дамбын хар толгой гэх газарт хаваржиж байна. Түүнийг малаа услах үед бид уулзаж, товч ярилцсан юм. Тэрбээр 2019 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 80 орчим бог мал авчээ. Одоо 300 гаруй малтай. Энэ жил 100 орчим төл авсан гэж малчин Б.Рагчаадорж хэллээ. Тус хөтөлбөрт хамрагдсанаар малын тоо толгойг нэмэгдүүлэх боломжтой болсон. Ингэснээр малчдын өрхийн орлого нэмэгдэж байгаа гэв.


П.Балт: Аймаг, сумын аварга малчин болохыг хүсдэг


Дөргөн сумын Агваш багийн иргэн П.Балт удам дагасан залуу малчин бөгөөд 2006 оноос эхлэн мал маллаж байна.

Эднийх сумын төвөөс 43 км зайд буюу Балцгар гэх газарт хаваржиж байна. Өнгөрсөн 2019 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 80 орчим бог мал авчээ. Одоогоор 200 гаруй малтай. Энэ жил 100 орчим төл авсан байна. Цаашид мал сүргээ өсгөн үржүүлж, аймаг, сумын аварга сайн малчин болох зорилготой ажиллаж байна гэж залуу малчин П.Балт онцоллоо.




Д.Мөнхөө:  Энэ жил 10 гаруй ямаа ихэрлэсэнд баяртай байна


Дөргөн сумын Сээр багийн залуу малчин Д.Мөнхөө эцэг эхийн хамт амьдардаг. Залуу хүний хувьд мал сүрэг өсгөн үржүүлэх, өрхийн орлого бий болгох зорилгоор 2019 онд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 80 орчим бог мал авчээ. Одоо 360 гаруй малтай. Энэ жил 120 гаруй төл авсан. Үүнээс 10 гаруй ямаа ихэрлэсэн. Нэг ямаанаас гурван ихэр төл гарсан тохиолдол бий. Ийм үед л малчин хүн бахархан баярладаг юм байна. Мал сүрэг жилээс жилд өсөн үржиж, хөтөлбөрийн үр шимийг бодитоор хүртэж байгаадаа баяртай байна хэмээн ярьж байлаа.



Мал аж ахуйн салбарт тууштай хөдөлмөрлөж байгаа эрхэм малчдын ажил үйлс өөдөө байж, малын буян хишиг арвижин дэлгэрэх болтугай. 

Холбоотой мэдээ