Б.Мөнхтөр:Нийт тариалах талбайн 10-15 хувиас хэтрүүлэхгүй тосны ургамал тариалах үүрэг чиглэл өгсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-28 18:40:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөртэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайн байна уу. Хаврын тариалалтын их ажил эхлэх гэж байна. Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг энэ жил хэчнээн га-д тариалалт хийх вэ? Тариалатын бэлтгэл ажил хангагдаж байна уу?

-Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 144 мянган га талбайд улаанбуудай, 1200 га талбайд арвай, 3000 га талбайд овъёос, 3287 га талбайд бусад үр тариа, 12 мянган гатэжээлийн ургамал, 21 мянган га-д тосны ургамал, 2495 га талбайд төмс, 2620 га талбайд хүнсний ногоо тарина. Ерөнхийдөө нийт 191 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн.

-Танай газрын зүгээс нийт тариаланч болоод сумдад хаврын тариалалтын талаар ямар үүрэг чиглэл өгч байна. Энэ жил хөл хориотой учраас тариалалтын өмнө зохион байгуулдаг зөвлөгөөн хийхгүй бололтой?

-Бид аймгийн болон сумын Засаг дарга нартай байгуулах гэрээндээ тариалалтын төлөвлөгөөг тусгаж өгсөн. Мөн аймгаас баримталж байгаа бодлого шийдвэрийн дагуу нийт тариалах талбайн 10-15 хувиас хэтрүүлэхгүй тосны ургамал тариалах үүрэг чиглэл өгсөн.

-Энэ жилийн тариалах үр хангалттай байгаа юу? Үрийн нөөц хэр байна. Дутагдаж байгаа юу?

-Энэ хаврын тариалалтад 356 аж ахуйн нэгж, иргэдэд 24 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас үрээ нөөцөлсөн 123 аж ахуйн нэгж байна. Тэдний 12 мянган тонн үрэнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжилгээнд хамруулсан. Тариалалтад дутагдах 233 иргэн, аж ахуйн нэгжийн 12.9 мянган тонн үрийн захиалгыг авч ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих санд саналаа хүргүүлээд байгаа.

-Одоогоор тариалалт эхэлсэн үү. Ажиллах хүчин болоод техникийн бэлтгэл бэлэн байдал ямар шатандаа явж байна?

-Энэ хаврын тариалалтад ашиглах 344 зүтгэх хүчний трактор, 113 үрлүүр, 143 борной, 189 сийрүүлэгч, 87 сэндэчлэгч, 71 анжис ажиллах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Ерөө, Цагааннуур, Хушаат, Орхонтуул, Шаамар, Баянгол, Мандал, Сайхан, Цагааннуур, Хушаат, Баянгол, Ерөө сумын зарим аж ахуйн нэгжүүд техник засвар үйлчилгээндээ гарч, засвар үйлчилгээний ажил 80 хувьтай явж байна. Мөн чийг хаалтын ажлыг 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн. Ногоочдын хувьд 4.8 га талбайд сонгино, байцааны үрсэлгээ хийсэн байна.

-Тариаланчдын хувьд тусламж дэмжлэг багагүй байдаг. Харин ногоочдын хувьд дэмжлэг юу байна. Энэ жилийн хувьд халдварт цар тахлын хөл хорио таарч ажил явуулахад нэлээд хүндрэлтэй байх шиг байна?

-Тийм шүү. Хүндрэлтэй байгаа. Газар тариалангийн тогтовортой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, цар тахлын онцгой байдлын нөхцөл үүссэн энэ цаг үед, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх. Цаашлаад дотоодод үйлдвэрлэх, 2020 оны тариалалтыг нэмэгдүүлэх, зээл тусламжид хамруулах зорилгоор аймгийнхаа 17 сумын 380 аж ахуйн нэгж, 2500 иргэнээс судалгаа авсан. Энэ судалгаагаа ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байгаа.

Манай Ерөө суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны 10 бүлэгт 131 тн үр тараасан байна. Бас Адра олон улсын байгууллагатай хамтран 11 сумын 30 хоршооны 300 ногоочинд 30 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний ногооны үр шинээр олгосон байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, талбайг нэмэгдүүлэх зорилгоор шар лууван 150 кг, шар манжин 100 кг, хүрэн манжин 100 кг, бөөрөнхий сонгино 900 кг, саримс 205 кг, төмс 37.5 тн худалдаж авахаар тендэр зарлаад байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.  

Холбоотой мэдээ