Төмсний тариалалт болон түүний ач холбогдол

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-05-01 16:08:45

Уг нь төмс хүнсний ногоо. Гэтэл төмс, хүнсний ногоо гэж салангид байдлаар ярьж хэлээд сурчихжээ. Энэ нь түүний эзлэх орон зай бусад хүнсний ногооныхоос хамаагүй их байдагтай холбоотой байж болох юм. Үнэхээр 2019 онд 14,800 га-д төмс тарьж, 192,239.9 тн-ыг хураан авчээ. Хураан авсан төмс дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж мэргэжлийн байгууллага тухайн үед нь дүгнэсэн байдаг. Ургац хураалтын үеэс эхлэн нийслэлийн зах зээлд 1 кг төмс 500 төгрөг (8-12 дугаар сар)-ийн үнэтэй байсан юм. Шинэ оны эхэн үеэс эхлэн өссөөр байгаад 4 дүгээр сар гарсанаас хойш 1 кг төмс 1000-1200 төгрөгөөр зарагдаж байна. Зах зээлд төмсний үнэ бага байх нь хэрэглэгчдэд тааламжтай. Гэвч түүнийг үйлдвэрлэгч ногоочдод таалагдахгүйгээр барахгүй, тэднийг гонсойлгодог байна. Төмс тариалдаг нийт талбайн 58.6 хувь нь усалгаатай тул  тухайн талбайгаас ургац алдах эрсдэл маш бага байх нь ойлгомжтой.


Тэгвэл 2020 онд төмс тарих талбайг 16,000 га болгон нэмэхээр төлөвлөжээ. Тарих талбай өргөжихөд хураах төмсний хэмжээ нэмэгдэх нь ойлгомтой. Ийм болохоор 2020 онд өмнөх оноос илүү их төмс хураан авах магадлалтай. Яг ийм тохиолдолд импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулж дотоодын зах зээлийг хамгаалах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч ирнэ. Иймээс хүнсний ногоо, төмсний дотоодын зах зээлийг хамгаалах эхний алхам хийх бололтой. Парламентад, гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар импортын төмс, хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хууль (4 дүгээр сарын 7)-ийн төсөл өргөн барьжээ. УИХ удахгүй ногоочдоо дэмжсэн хуулийг батлах биз. Нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьж  импортын төмс, хүнсний ногоонд өндөр татвар ногдуулбал дотоодын зах зээлийг хамгаалсан сайн үйлс болно.


Ер нь төмсний тухай ойлголтыг дэлгэрэнгүй авч үзье. Тус ургамлын газрын хөрсөн дор ургадаг болцууг хүнсэнд хэрэглэдэг. Энэ нь голдуу бор эсвэл ягаавтар хальстай, доторх хэсэг нь цагаан, шар өнгөтэй байдаг. Мөн төмс нь олон наст ургамлын төрөлд багтдаг. Андын нуруу Перу гэсэн өндөрлөг, сэрүүн газраас гаралтай. Анх өмнөд Америкт очсон европууд 1500 оны үед нутаг буцахдаа төмсийг авч явснаар энэ тивд нутагшиж  бүх нийтэд дэлгэрсэн түүхтэй. Үржил шим муутай хөрсөнд ч төмс сайн ургадаг онцлогтой. Ийм учраас 1780 оноос ирландын фермерүүд ихээр тариалах болсон. Гэхдээ төмсийг 7000 жилийн өмнө тарьж ургуулан хүнсэнд хэрэглэж байсан гэж судлаачид үздэг. Харин хүнсний өргөн хэрэглээний ногоо болох хүртэл 200 жил зарцуулсан ажээ. Хүнсний зориулалттай бөөрөнхий хэлбэртэй төмсний 12-16 хувь нь цардуул. Түүнээс гадна төмс С аминдэмийг агуулдаг. Цусны даралт бууруулах, ходоодны шархны үрэвсэл, гэдэсний түгжрэлийг эмчлэхэд (ардын эмнэлэгт)  өргөн хэрэглэдэг. Улмаар түлэнхий болон арьсны экземийг эмчлэхэд ашигладаг гэсэн тодорхойлолт байна. Эндээс харвал уг бүтээгдэхүүн нь хүнс төдийгүй эм, эмчилгээний олон талын ач холбогдолтой болох нь тодорхой. 



Холбоотой мэдээ