О.Амартүвшин: 28 хувь байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрэхээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-01 11:47:04
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоогоод 100 хоног өнгөрчээ. Энэ байдал бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж 46 мянган иргэн ажилгүй болоод байна. Цаашид нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгаа учир ажлын байрыг хадгалахад төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг сануулж МҮХАҮТ өнөөдөр "Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал" зохион байгууллаа.


Тус байгууллагаас 4 дүгээр сард 10 мянган хүнд хийсэн "Ажлын байраас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт" судалгаагаар хөл хорио судалгаанд оролцогсдын 73 хувийнх нь орлогод маш их нөлөөлсөн, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэжээ.



МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин: “Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол бидний тооцоолсноор ажилгүйдэл 20 хувьд хүрэхээр байна. Энэ нь 240 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрнэ гэсэн үг. Бид вирустэй ч, эдийн засгийн хямралтай ч тэмцэж байж хүнд хэцүү цагийг даван туулна. 


Дэлхийд хувийн хэвшил 28 хоногийн санхүүгийн нөөцтэй байдаг гэсэн судалгаа бий. Манай хувийн хэвшлийнхэн 100 хоногийг өөрсдийн нөөц боломжоор даван тууллаа.


Эдийн засгийг хамгаалах, ядуурлыг бууруулахын тулд хувийн хэвшлээ дэмжих нэг л арга бий. Тиймээс төр засаг бизнес эрхлэгчдээ зөв ойлгож, ажлын байрыг хамгаалахын төлөө эв санаагаа нэгтгэхийг уриалж байна” гэв.


"Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал"-д салбар бүрийн 500 гаруй компанийн 1000 орчим ажлын багаж хэрэгсэл "оролцлоо". Харин ажлын байраа алдсан, бизнес нь хүнд байдалд орсон иргэдийг өнөөдөр цахимаар өрнөх “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” жагсаалд нэгдэхийг МҮХАҮТ-аас уриаллаа. 





 


Холбоотой мэдээ