Төгрөгийн хадгаламж 2023 оныхоос 5.6 их наяд төгрөгөөр давсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-08-15 16:50:04

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2024 оны 7 дугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 20.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 6 дугаар сарынхаас 431.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Харин 2023 оныхоос 5.6 их наяд төгрөгөөр давсан байна.


Төгрөгийн хадгаламжийн хувьд:

  • 17.3 (86.1%) их наяд төгрөг нь иргэдийнх,
  • 2.8 (13.9%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болжээ. Энэ 6 дугаар сараас 64.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Харин 2023 оныхоос 392.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.


Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 33.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь 6 дугаар сарынхаас 19.0 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин 2023 оныхоос 8.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.


Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:

  • 59.6 хувь нь иргэдийнх,
  • 38.9 хувь нь хувийн байгууллагынх,
  • 0.6хувь нь төрийн байгууллага,
  • 0.9 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад хэлбэрээр байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 30.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь 6 дугаар сараас 85.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин 2023 оныхоос 8.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.3 хувийг эзлэв.


Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь 6 дугаар сараас 57.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин 2023 оныхоос 78.6 тэрбум төгрөгөөр буурсан аж. Ийм төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.9 хувь байна.


Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 7дугаа р сарын эцэст 2.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь 6 дугаар сараас 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин 2023 оныхоос 259.0 тэрбум төгрөгөөр буурсан аж. Ийм төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.9 хувийг эзэлсэн аж.


Монголын Ипотекийн корпорац болон арилжааны банкуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 6 дугаар сарын эцэст 8.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь 6 дугаар сараас 279.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин 2023 оныхоос 1.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Ипотекийн зээлийн үлдэгдлийн хувьд:

  • 97.7 (8.4 их наяд төгрөг) хувийг хэвийнх,
  • 1.3 (108.4 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах,
  • 1.0 (85.4 тэрбум төгрөг) хувийг чанаргүй гэсэн ангилалд оржээ.

Хэвийн зээл: Төлөвлөгдсөн хугацаанд байгаа зээл, түүний хүүг ойлгоно.

Чанаргүй зээл: Хэвийн бус, эргэлзээтэй, муу зээл буюу зээл, хүүгийн хугацаа 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг хамруулна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Холбоотой мэдээ