Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-23 15:04:06

Улаанбаатар, 2023 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаас хойш мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдээд байна. Одоогоор мал, амьтны гоц халдварт өвчний улмаас дөрвөн аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм, нэг аймагт хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байгааг НОБГ, ЗӨСҮТ, НБОГ-ын мэргэжилтнүүд мэдээллээ.


Тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,  хүн олноор үйлчлүүлдэг зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна. Малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжин халдах эрсдэлтэй тул хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулахад хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа аж.

Нийслэл хотод өнгөрсөн сарын байдлаар тарваганы мах худалдан авсан, тээвэрлэсэн 524 зөрчил илрүүлжээ.


НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, НОБГ, ЦУГ, МЭГ, Тээврийн цагдаагийн албанаас 24 цагаар хяналт, үзлэг шалгалт хийж байна. Шалгалтын хугацаанд 11 удаагийн үйлдлээр 18 ширхэг тарваганы мах илрүүлж, хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.


ЗӨСҮТ-ийн тандалт судалгааны мэдээллээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын эрсдэл идэвхтэй байгаа аж. Сүүлийн 10 гаруй жилд манай улсад тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ