Монголын компаниуд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх саналтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол,
Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оноос хэрэгжиж
эхэлсэн. Тухайн үед хоёр талын худалдааны нийт эргэлт 341.6 сая ам.доллар
байсан бол өнгөрсөн оны эцсийн гүйцэтгэлээр нийт худалдан авалт 112 хувиар өсжээ.
Энэ талаар өнөөдөр “Улаанбаатар”
зочид буудалд болсон Монгол-Японы олон улсын бизнес, инновацын форум дээр МҮХАҮТ-ын
Хэрэглэгч, үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол “Монгол-Японы эдийн
засгийн боломж, худалдаа, хамтын ажиллагаа” сэдвээр тавьсан илтгэлдээ
мэдээллээ.
Тэрбээр, Монгол Улсын экспорт 15 сая ам.доллар, импорт 330.6 сая ам.доллар байсан бол өнөөдөр худалдааны эргэлт 716.7 сая ам.долларт хүрээд буйг дуулгалаа. Импортыг бүтцийн хувьд авч үзэхэд Японоос суудлын автомашин 70-90 хувийг эзэлж байна. Монгол Улсын хувьд цаашид Япон руу уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мах, арьс шир, ноос, ноолуур, хүнсний бусад бүтээгдэхүүн, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болов уу гэсэн саналаа тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсаас Япон руу хийж
буй экспорт дээр тулгарч буй асуудлыг хувийн хэвшлийнхэн өнөөдрийн форумоор голлон
хөндөж байв. Тодруулбал, тэдэнд олдож буй боломж болох Эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээрийг хэрэгжүүлэх дээр тулгарч буй асуудлыг эрэмбэлбэл, эхэнд нь тээвэр ложистикийн
хүндрэл орж байна.
Удаалаад, Японд худалдах
бараа, бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангах, хүний нөөц
дутмаг буюу мэргэжлийн ажилтан, ажилтнуудыг сургах, хөрөнгө оруулалт
дээр эргэлтийн хөрөнгөтэй болох зэрэг асуудлыг илэрхийлж байна. Энэ талаар “МонШибасаки”
компанийн захирал Д.Долгормаагаас тодруулбал:
-Манайх Японоос бэлдцээ
импортлон авч энд, эх орондоо япон техник, технологи, японы тоног төхөөрөмжөөр
монгол залуучууд автомашины эд ангийг боловсруулж, эргээд Япон руу 100 хувь
экспортолдог, Монголын компани. Манайх Японы “Тоёота”, “Ниссан” зэрэг автомашин
үйлдвэрлэлийн томоохон компанийн “Хино”, Исүзи” маркийн ачааны автомашины хөдөлгүүрийн
зарим хэсэг, тоормоз зэргийг Монголдоо өндөр нарийвчлалтай зорж боловсруулан
нийлүүлдэг.
Ганц манайх гэлтгүй, Японд бүтээгдэхүүнээ экспортолж буй Монголын компаниуд чанартай бараа, бүтээгдэхүүн хийж чадаж байна. Гэвч бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлж амждаггүй, ингэснээр боломж болон цаг хугацаа алддаг гэв.
Бид тээвэрлэлтэд дор хаяж 4-6 сар зарцуулдаг. Гол шалтгаан нь манай улс Японоос хол, хоёр том хөршийн дунд байрладаг газар зүйн байршил, далайд гарцгүй тээвэрлэлтийн байдлаас болж уддаг нь нөлөөлж байна гэв. Мөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах чадвартай монгол инженерүүд маань гадаад руу их гарч ажиллаж байгаа нь том асуудал болж байна гэсэн юм.
Монгол-Японы олон улсын
бизнес, инновацын форумд оролцогч дотоодын ААН-үүдийн төлөөлөл Монголын экспорт
өнгөрсөн хугацаанд төрөлжиж, өргөжөөгүй гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж
байв. Гол тулгарч буй сорилт, бэрхшээл нь Д.Долгормаагийн хэлсэнчлэн, Монголоос
бүтээгдэхүүн гаргана гэдэг Японы экспортын шаардлагыг хангасан байх, хоёрт,
хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахад анхаарах, эцэст нь
бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хугацаа юм гэдгийг давтан хэлцгээж байлаа. Нэг
ёсондоо цаг хугацаанд нь түргэн шуурхай нийлүүлэхэд анхаарах, дараа нь зардлын
асуудал тулгарч байна гэв.
Монголын Кайзэн холбооны
төлөөллөөс тавьсан илтгэлд, Японд бүтээгдэхүүнээ экспортолъё гэвэл япон зарчмаар
л ажиллах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байлаа.
Монгол-Японы олон улсын бизнес, инновацын форумыг Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар МҮХАҮТ, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, “Жугамо” нийгэмлэг хамтран зохион байгуулав. Мөн Хүнсний хувьсгал хөдөлгөөн, Монгол дахь Японы Худалдааны танхим, Монголын Кайзэн холбоо хамтран дэмжин ажиллав.
Форумоор нийслэлийн Бизнес, инновацийн газар Японы Шинагава хотын “Готанда Валлей” ТББ-тай IT-гийн консерциум байгуулж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж
бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон “Готанда валлей” ТББ-ын ТУЗ-ийн захирал
Мори Ёшитака нар үзэглэсэн юм.
Уг санамж бичиг байгуулснаар мэдээлэл технологийн чиглэлийн компаниудын хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оюутан болон салбарын эксперт солилцоо, хоёр улсын Ай-Ти чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болох аж.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд энэ удаа Японы талаас 150, Монголоос 200 орчим зочин төлөөлөгч оролцож, хоёр улсын бизнес түншлэлийг эрчимжүүлэх талаар ийнхүү ярилцлаа.
Нэмж мэдээлэхэд, бизнес
эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны “Япон улс руу экспорт хийхэд болон цаашид
экспортыг нэмэгдүүлэхэд юунд анхаарах шаардлагатай вэ?” гэдгийг тодруулахад:
- 38 хувь нь бодлогын дэмжлэг
шаардлагатай байна,
- 35 хувь нь хөнгөлөлттэй зээл
хэрэгтэй байна,
- 15 хувь маркетингт
анхаарах,
- 8 хувь нь бүтээгдэхүүнээ
хөгжүүлэх шаардлагатай байна,
- 5 хувь нь зах зээлийн судалгаа хэрэгтэй байна гэжээ.