Б.Баярмаа: Манай төсөл хөтөлбөрүүдийн модны ургалт 92 хувиас дээш байна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-08-23 14:55:33

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Тэрбум мод сангийн хамт олон Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тус сангийн гүйцэтгэх захирал Б.Баярмаатай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сангийнхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Баярлалаа. Манай сан Монгол Банкны бодлогын дэмжлэгтэйгээр 2021 оны 3-р сард Монголын банкны холбооны дэргэд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлээд ойн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа.


-Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээсээ сонирхуулаач?

-Бид өнгөрсөн 2022-2023 онд 34 төсөл сонгон шалгаруулж, санхүүжүүлээд 105 мянган мод тарьсан. 2024 онд 39 төсөл сонгон шалгаруулаад 1 сая 200 мянган мод тариад байна. Энэ модныхоо 1 сая модыг нь хаврын тариалалтаар Сэлэнгэ аймгийн нутагт тарьсан.


Бид хавар тарьсан ажлынхаа үр дүнг үзэхээр ирээд байна. Тарьсан модныхоо ургалтын хувийг шалгаж үзээд, техникийн хорооны зөвлөхүүд, аймаг орон нутгийн хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудад зөвлөгөө өглөө. Мөн ойн гавьяат ажилтнууд, хөдөлмөрийн баатруудтайгаа уулзаж санал бодлоо солилцлоо.


Манай төсөл хөтөлбөрүүдийн модны ургалт 92 хувиас дээш байна. Бид ойн салбарынхантайгаа зөвлөлдөж, газар дээр нь очиж шалгаж үзэж, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь бидний гол зорилго юм.


-Сая бас намар дахин мод тарих гэрээ байгууллаа. Танай сан өөр ямар чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлж байна вэ?

-Одоо бид намрын тариалалтаар дахиад 1 сая мод тарихаар гэрээгээ байгууллаа. Манай “Тэрбум мод” сан байгуулагдсан цагаасаа хойш эмнэлэг, сургууль, цэцэрлэг, асрамжийн байгууллагуудын гадна тохижилтыг хийх, олон нийтийн оролцоотой ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарих чиглэлд ажиллаж байгаа.


Мөн ард иргэд, хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох, мөн томоохон хэмжээний ойжуулалтын чиглэлээр ажиллаж байна.


-Монгол Улсад банкны салбар үүссэний 100 жил тохиож байна. Энэ түүхэн жилд хийж байгаа томоохон ямар ажил байна вэ?

-Энэ жил банкны салбар, ойн салбарын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хийж байгаа томоохон хэмжээний ойжуулалтын ажлын эхний төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжээд явж байна. Зөвхөн Сэлэнгэ аймагт бус 21 аймаг, 9 дүүрэгт төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байгаа.


Ажил маань үр дүнд хүрч байгаад баяртай байна. Монгол орны ойн сан нөхөн төлжиж, 78.7 хувийн ойн доройтолд банкны салбарынхан түүчээлэн оролцож, амжилттай ажиллаж байна. Цаашид бидний ажил улам өргөжих болно.


-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ