Бараа бүтээгдэхүүн оруулж ирэх бус Монголд үйлдвэрлэх боломжийг эрж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын ЖДҮҮ-г дэмжих төв, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэг хамтран Монголд анх удаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад БНСУ-ын 160 гаруй бизнес эрхлэгч ирсэн бол манай улсаас хүнс, сүлжмэл, гоо сайхан, эрүүл мэнд, хэвлэлийн тоног төхөөрөмж, газар тариалан, бордоо, хог хаягдлын дахин боловсруулалт зэрэг чиглэлээр 100 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцсон юм. Уулзалтыг нээж, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлэхдээ, “Манай улсын ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын 68 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, түүнд 600 гаруй мянган ажилтан ажиллаж байна. Манай улсын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэн хөгжиж байгаа бөгөөд жижиг, дунд бизнесүүдийг хөгжүүлж, экспортыг өргөжүүлэхэд үндсэн бодлогоо чиглүүлдэг. Энэ ч утгаар зөвхөн хөрш зэргэлдээ орнуудаас гадна БНСУ, Япон зэрэг хөгжингүй улстай бизнесийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа”-г онцлов.
Уулзалтыг
Монголд зохион байгуулахын ач холбогдол болон ямар чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар Жижиг,
дунд үйлдвэрийн Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяагаас тодруулахад: -“Бидний хамтын ажиллагаа нь үндэсний бараа
бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн түншлэлийг
өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэх ач холбогдолтой. БНСУ
нь техник, технологийг
бизнесийн салбарт амжилттай нэвтрүүлэн, эдийн засгаа өргөжүүлж байгаа билээ. Иймд манай улсын бизнес
эрхлэгчид ажлын бүтээмжийг нэмэх зорилгоор тухайн техник технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаа. БНСУ манай орны байгалийн
гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг ихэд
сонирхож байна” гэлээ.
БНСУ-ын “ОКТА” олон улсын худалдааны нийгэмлэгийн захирал Ли Сонг Вүг: -Манай улсын бизнес эрхлэгчид Монголын зах зээлийг сонирхохоос гадна хамтран ажиллах түншлэгч байгууллага хайж байгаа. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас бүтээгдэхүүн оруулж ирж зардаг байсан бол энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголд үйлдвэрлэх боломжийг эрж байна. Мөн ЖДҮҮ эрхлэгчдэд бизнесийн олон талт сургалт явуулах, бизнес худалдааны сургууль бий болгохыг зорьсон юм. Энэ удаагийн уулзалт нь цаашдын хамтын ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой хэмээв.
Д.Халиунаа