Тусгаарлах байруудад 135 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-05 13:24:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1 044 иргэн байна. Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 6 184 иргэнийг тусгаарлан ажиглажээ.


Дөрөвдүгээр сарын 30-наас хойш тусгай нислэгээр нийт 821 иргэн ирснээс эрсдэлтэй гэж үзсэн 45 хүнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авчээ. Мөн "Жаргалант", "Зүчи", "Наранбулаг", "Альфа", "Энх саран", "Хабу" гэх мэт бусад амралт сувиллын газар, зочид буудалд үлдсэн иргэдийг тусгаарласан байна.


Гурван онгоцоор тав хүртэлх насны 32 хүүхэд, жирэмсэн 39 эмэгтэй, хорт хавдартай 6, сахиуртай 12 хүн ирсэн бөгөөд шинжилгээ хийж байгаа аж. Одоогоор Дорнод аймагт найм, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 104, Баян-Өлгий аймагт хоёр иргэнийг тус тус тусгаарлаад байна. 


Улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн салбарын 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Харин нийслэлийн хэмжээнд 939 хүн гэрээр тусгаарлалтад байгаа бөгөөд тэдэнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд хянаж байгаа аж.

Холбоотой мэдээ