Булган аймагт 147,5 мянга га талбайд бэлчээрийн хортон мэрэгч устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-06 16:57:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт бэлчээрийн 147,5 мянга га талбайд үлийн цагаан оготно устгах ажил зохион байгууллаа. Улсын болон орон нутгийн төсвийн байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 577,0 сая төгрөгийн хөрөнгөөр үлийн цагаан оготныг микробиологийн болон энгийн механик аргаар устгах ажил хийжээ. Бэлчээрийн хөнөөлт хортон мэрэгч их тархаж бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн урд бүсийн болон Сайхан Баян-Агт зэрэг 10 суманд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээ авсан байна.

- Энэ жилийн хувьд бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг өргөн хүрээнд хийх боломжтой хөрөнгө санхүүжилт эх үүсвэр тавигдсан. Сумын газар нутагт үлийн цагаан оготно тархсан байдлыг харгалзан хүрээг тэлэхгүй хумих байдлаар устгах ажил зохион байгуулж байна. Төрийн албан хаагчид, малчид, ажилгүй иргэд энэ ажилд оролцож байгаа. Төрийн албан хаагчид  түлхүү оролцох нь илүү үр дүнтэй бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан чанартай гүйцэтгэлээ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал, үржлийн албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Рашаант, Гурванбулаг суманд бэлчээрийн хортонтой микробиологийн буюу бактержуулсан будаа цацах аргаар тэмцсэн байна. Харин бусад суманд энгийн механик аргаар оготно устгах ажил хийжээ.

Холбоотой мэдээ