Алсын хараа-2050 төслийн зарчмын зөрүүтэй саналыг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-06 16:58:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Н.Учрал гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураав. Тогтоолын төсөлд “2.4.21 Оюуны өмчийн хараат бус кодлогдсон технологийн дагуу бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, оюуны өмчийн зуучлан зөвлөх үйлчилгээ, арилжааг хөгжүүлнэ” гэж нэмэх, “2.4.9 Үндэсний иновацийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, иновацийн татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна”, “5.2.14 гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрлийн чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн тус тус өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.


Харин төслийн “3.1.4 хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын нэвтрүүлж, төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжинэ” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Ингээд дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ