Улсын чанартай А1001 замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-07 15:53:13
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй А1001 авто замын өргөтгөлтэй холбоотойгоор зарим иргэн аймгийн ЗДТГ-т гомдол гаргажээ.

Учир нь уг замын засварын ажил нь барилгын материалын дэлгүүр болон зах, худалдааны төвүүдийн  үйл ажиллагаанд саад учруулж байна гэж дэлгүүрийн эзэд, түрээслэгчид нь бухимдаж замын ажлыг гүйцэтгэх явцад дэлгүүр лүү орох, гарах гарцыг хаахгүй байхыг орон нутгийн удирдлагуудаас хүслээ.  

Дээрх замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хяналт тавьж байгаа тул орон нутаг бие даан шийдвэр гаргах боломжгүй юм. Иймд иргэдийг уг асуудалд уужуу хандаж төрийн ажилд саад болохгүй байхыг ЗДТГ-аас анхаарууллаа. Дөмөг захаас Согоот баг хүртэлх нийт 2.1 км хоёр эгнээ замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бөгөөд зам хуулалтын ажлыг өнгөрсөн жил гүйцэтгэжээ.  Харин энэ жил дөрөвдүгээр сарын сүүлээр засварын ажил эхэлж намар улсын комисст хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа ажээ. Гэвч зарим асуудлаас болж иргэд гомдол гаргасан тул орон нутгаас Зам тээврийн хөгжлийн яам руу хүсэлт илгээсний дагуу гурван газарт орц, гарц гаргахаар боллоо. А1001 авто зам нь баруун аймаг руу зорчих гол зам юм.

 

Холбоотой мэдээ