Монгол Улсыг санхүүгийн эрсдэл учруулж буй орнуудын жагсаалтад оруулах санал гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-08 11:45:02

БРЮССЕЛЬ. /EUROPA/. Европын Холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг улам бэхжүүлэх төлөвлөгөөг Европын Комисс пүрэв гарагт танилцууллаа. Энэхүү баримт бичиг нь ЕХ-ны дүрэм журмууд дахь цоорхой, сул холбоосыг арилгах зорилготой ажээ.


"Бид санхүүгийн тогтолцоондоо нэвтэрч буй бохир мөнгөний урсгалыг зогсоох хэрэгтэй. Өнөөдөр бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хамгаалалтын арга хэмжээнүүдийг улам чангатгаж байна. Бидний дүрэм журам, хэрэгжилтэд ямар ч сул тал байж болохгүй. Бид энэхүү арга хэмжээнүүдийг ирэх 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг шинэчлэхэд гүйцэтгэх ЕХ-ны үүргийг бэхжүүлж байна” гэж Европын Комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис мэдэгджээ.


Европын Комисс Мөнгө угаахтай тэмцэх удирдамжийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тогтолцоо сул гуравдагч орнуудыг тодорхойлох үүрэг хүлээдэг бөгөөд пүрэв гарагт уг жагсаалтаа шинэчилсэн байна.


Ингэснээр шинэ жагсаалт Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын /FATF/ жагсаалтуудтай илүү уялджээ. Бахам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панам, Зимбабве жагсаалтад шинээр орсон бол Босни-Херцеговин, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис жагсаалтаас хасагджээ.


Европын Комисс шинэ жагсаалтаа нэг сарын дотор батлуулахаар Европын Парламент, Европын Зөвлөлд өргөн барих бөгөөд шаардлагатай тохиолдолд батлах хугацааг дахин нэг сараар сунгах боломжтой ажээ. Уг баримт бичгийг баталснаар 2020 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. 


Холбоотой мэдээ