Японд “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-08 12:28:31

ТОКИО. /Kyodo/. Японы Эрүүл мэндийн яам “ремдесивир” эмийг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрлөө. Тус улсад ийм зөвшөөрлийг анх удаа олгож буй нь энэ юм.


АНУ-ын “Gilead” компани “Эбола” вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхийн тулд “ремдесивир”-ийг гарган авчээ. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “ремдесивир”-ийг халдвар авсан хүнд өвчтөнүүдэд уулгах яаралтай тусламжийн эмээр ашиглахыг өнгөрсөн баасан гарагт зөвшөөрсөн байна.


“Gilead” компани Японд коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд “ремдесивир”-ийг ашиглах хүсэлтийг даваа гарагт гаргасан юм. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд эмийн аюулгүй хийгээд үр дүнтэй байдлын талаар пүрэв гарагт хэлэлцэж, зөвшөөрөл олгохоор болжээ.


Мөн “Fujifilm” корпорацын гарган авсан “Авиган” томууны эмийг халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглах зөвшөөрлийг энэ сарын сүүлээр олгох төлөвтэй байна. Ерөнхий сайд Абэ Шинзо, цар тахал дэгдсэн энэ үед вакцин, эм гарган авахын төлөө олон улс хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. Японд сүүлийн мэдээллээр 16200 хүн халдвар авч, 600 орчим хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ