Дэлхий дээрх амьтдын төрөл зүйлийн 99.999 хувь нь илрээгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-05-05 13:20:25

ВАШИНГТОН. /Sputnik/. Эрдэмтэд манай гараг дээрээс 1.2 сая төрөл зүйлийн амьтныг илрүүлсэн. Гэтэл энэ нь дэлхий дээр амьдарч байгаа бүх төрөл зүйлүүдийн нэг хувийг 1000 хуваасны нэг хэсэг болохыг судалгаагаар тогтоожээ.

"Дэлхий дээр амьдарч байгаа амьтдын төрөл зүйлийн тоог гаргана гэдэг биологийн шинжлэх ухааны томоохон сорилтуудын нэг юм. Бид биологийн төрөл зүйл ямар их олон болохыг харуулсан экологийн загварууд ашиглан, экологийн шинэ журмын дагуу гаргасан асар их мэдээллийн багцыг ашиглан судалгаагаа гаргасан. Энэ нь дэлхий дээрх бичил биетний зүйлийн тоог гаргах шинэ бөгөөд илүү нарийвчлал бүхий тооцооллыг бий болголоо" гэж Үндэсний шинжлэх ухааны сангийн судлаач Жей Леннон хэлэв.

Индианагийн их сургуулийн эрдэмтэн Кеннет Локей болон Жей Леннон нарын хамтран хийсэн судалгааны дүнг Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлүүдийн эмхэтгэлд нийтэлжээ. Уг судалгаанд Засгийн газар, академи, шинжлэх ухааны бусад хэд хэдэн эх сурвалжуудыг ашигласан байна. Эрдэмтэд археи, бактери, бичил мөөгөнцрийн талаарх 20 376 төрлийн мэдээлэл болон мод, шувуу, хөхтөн амьтны тухай 14 861 мэдээллийг ашиглажээ.

Генийн дараалал тогтоох технологиос гадна дээр дурдсан их хэмжээний мэдээллийг ашиглан манай гариг дээрх амьтдын тоог тогтоох нарийн аргыг боловсруулах боломжтой болжээ.

Судалгааны дүнд дэлхий дээрх амьдралын хүрээ асар өргөн болохыг тогтоосон байна. Хэрвээ дээрх хоёр эрдэмтдийн дүгнэлт үнэхээр бодитой байх аваас дэлхий дээр нэг их наядаар /триллион/ тоологдох төрөл зүйлийн амьтан байгаагийн өчүүхэн хэсгийг эрдэмтэд илрүүлсэн бөгөөд үлдсэн 99.999 хувь нь мэдэгдэж судлагдаагүй болж таарах нь.

"Өмнө нь хийсэн тооцоололд бичил биетний төрөл зүйлийг хангалттай судлаагүй байсан. Генийн дарааллыг тодорхойлох арга нээгдэхээс өмнө эрдэмтэд 100 төрөл зүйлд тулгуурлан төрөл зүйлийн судалгааг хийсэн байдаг. Нэг грамм хөрсөнд нэг тэрбум хүртэлх организм агуулагдаж байдаг бол дэлхий дээрх нийт тоо нь 20 оронтой тоогоор илэрхийлэгдэнэ" гэж Леннон ярьж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ