“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолын төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сард АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бөгөөд одоо байрлаж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газрыг УИХ-ын 2015 оны 90 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Харин тус Элчин сайдын яамнаас уг тусгай хэрэгцээний газрын талбайн хэмжээг багасгаж, улсын тусгай хэрэгцээнээс гарган улмаар уг газрыг БСШУСЯ-ны мэдэлд шилжүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Тус газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар номын сангийн барилга барих аж.
Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх асуудлыг Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төслийн талаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.