"Спортын сэтгэл зүй" цуврал сургалт-нэвтрүүлэг гарч эхлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-13 15:17:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, MNB SPORT сувагтай хамтран бэлтгэж буй "Спортын сэтгэл зүй" цуврал сургалт-нэвтрүүлгийн эхний дугаарыг "Өндөр зэрэглэлтэй тамирчид зорилгоо тодорхойлох нь" сэдвийн дор өчигдөр гаргасан байна.


Мөн тус хорооноос "Covid-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 7 хоног бүр цахим цуврал хэлэлцүүлгийг явуулж байгаа бөгөөд мягмар гарагийн дугаараар "Элит тамирчид ба Covid-19" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.


Хэлэлцүүлэгт МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, "Токио-2020" олимпын эрх авсан тамирчид, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид болон тухайн спорт холбоодын төлөөлөгчидтэй санал солилцсон нь ихээхэн ач холбогдолтой болжээ. МҮОХ-ноос өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өндөр зэрэглэлтэй тамирчдыг түлхүү дэмжих, төрийн байгууллагууд болон спорт холбоодтой нягт хамтран ажиллах талаар хэлэлцсэн нь тамирчдын төдийгүй спортод дурлагч хүүхэд, залуусын анхаарлыг ихэд татсан байна.



Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио-2016" олимпын хүрэл медальт Д.Отгондалай “Дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжицгээе!” гэсэн уриалга гаргасан байна.

Холбоотой мэдээ