Халдварт өвчтөнийг тээвэрлэх түргэн тусламжийн автомашинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-15 15:04:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ, ӨМӨЗО-ны Засгийн ордон, Улаан загалмайн байгууллагаас “Сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин”-ыг Нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн  өглөө.


Коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивлаж буй энэхүү автомашиныг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төв байранд болов.


МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, "БНХАУ-д коронавируст халдвар анх гараад байсан хүнд цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг 20 мянган амны хаалтыг тус улсад хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид халдварт өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна. Бид БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.



 “IVECO” маркийн 350.000 юанийн өртөгтэй энэхүү сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин нь халдвартай өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэх зориулалттай бөгөөд энгийн түргэн тусламжийн машинаас олон талын ялгаатай аж. Тухайлбал хүчилтөрөгчийн суурин болон зөөврийн баллон, “Aricon” брэндийн зүрхний цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, “ALL6001A” брэндийн зөөврийн амьсгалын аппарат, дефибриллятор буюу зүрх дэмжигч аппарат, хяналтын дэлгэц зэрэг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг суурилуулсан нь өвчтөнийг тээвэрлэх явцад эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн халдварт өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэх үед сөрөг даралт нь автомашин доторх агаарыг шүүж, нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлэн гадагш гаргаснаар эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулах боломжтой аж.



Тус автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


Холбоотой мэдээ