Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-17 12:37:02

БУХАРЕСТ. /Agerpres/. Бямба гарагт Румыний нийслэл Бухарест хотод коронавирусний цар тахлын улмаас авсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ.


Энэ удаагийн жагсаалд 100 орчим хүн оролцсон байна. Жагсагчид халдвар авсан болон нас барсан тохиолдлын талаарх мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгахыг эрх баригчдаас шаардсанаас гадна, хязгаарлалтын арга хэмжээ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа илэрхийлжээ. Түүнчлэн маргаантай хууль тогтоомжууд, хэвлэлийн цензурийг шүүмжилж, “Дарангуйлагчид огцор!” “Румын, сэр!” гэсэн уриа лоозон хашхирцгаасан байна.


Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид гурваас дээш хүн цуглахыг хориглосон, мөн вирусээс хамгаалах журмыг зөрчжээ. Жагсаалд оролцогчид амны хаалтгүй, бээлийгүй, хоорондоо зайтай байх журмыг дагаж мөрдөөгүй байна.


Засгийн газрын төв байрны өмнө орших Виктория талбайд цугласан жагсагчдад цагдаа нар урьдчилан сэргийлэх арга хэмжээний жагсаалт бүхий хуудас тарааж, жагсаал цуглаан хийхийг хориглосныг анхааруулаад тарахыг уриалжээ.


Коронавирусний цар тахалтай тэмцэх зорилгоор Румыний эрх баригчдын хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн үүнтэй адил жагсаал Бухарест хотод өмнө нь баасан гарагт болж, 200 орчим хүн оролцсон байна.


Холбоотой мэдээ