Ариутгагч, хөрс эрүүлжүүлэгч био бэлдмэлийг үнэ төлбөргүй олгоно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-19 09:34:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонд “Био-Эко” ариутгагч, хөрс эрүүлжүүлэгч био бэлдмэлийг үнэ төлбөргүй тараах ажлыг Дархан сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус ажил Дархан сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд хөрсний бохирдлыг арилгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хийж буй томоохон ажил юм. Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчид, хэсгийн ахлагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдүгээр багаас эхлэн тарааж эхэлжээ.

Худалдан борлуулахыг хориглосон, Дархан сумын Онцгой комиссын захиалгаар Монгол Улсад үйлдвэрлэсэн био идэвхижүүлэгч 1.25 литр бактерийг сайтар сэгсэрч хоёр литр усанд шингэлж найруулан нүхэн жорлон руу гоожуулж хэрэглэдэг аж. Ингэж хийсний дараа 7 хоногийн хугацаанд эвгүй үнэр гарч цэвэрлэгддэг ажээ. Тус бэлдмэлийг хийсний дараа гэдэсний бүлгийн бактер эрс буурч өвчин үүсгэгч нянгууд илрэхгүй устаж, агаарын бохирдлыг эрс багасгадаг аж. Түүнчлэн нүхэн жорлонд хуримтлагдсан лаг хоргүйжиж, хэмжээ буурч, хөрс агаар, цаашлаад газрын гүний ус бохирдохоос сэргийлэх, хортон шавж үржихийг зогсоодог ажээ. Урьдчилсан судалгаагаар Дархан сумын гэр хорооллын 10.000 гаруй айл өрхөд 7800 гаруй нүхэн жорлон байдаг аж. Нэг жорлонд хоёр ширхэгийг шингэлэн найруулж уусгалт хийхээр тараах юм. Төсвийн тухайд 42.500.000 төгрөг бөгөөд Дархан сумын Онцгой комисст иргэд ААНБ-уудаас өгсөн хандив болон бусад хэлбэрээс санхүүжсэн байна.

Тус био бэлдмэлийг тараах ажлын Дархан сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний 70 гаруй алба хаагч, 10 техник, хэрэгсэлтэйгээр тарааж байна гэж Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун мэдээлэв.

 

Холбоотой мэдээ