Боршоо боомтын хяналтыг чангатгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-19 14:48:54

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-д коронавирусний халдвар эрчимтэй тархаж, өндөр эрсдэл дагуулж буйтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Боршоо боомтын хяналтыг чангатгах, тус боомтод ажиллаж буй албан хаагчдын хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэн, эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар сургалт хийлээ.

Мөн хойд хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг зоорь саванд хадгалж, 72 цагийн дараа ариутгал халдваргүйжүүлт хийж худалдаанд гаргах талаар зөвлөмж боловсруулан дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудад хүргүүлж байна.

“Аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсээр байна. Гэвч ард иргэд олноороо аялж зугаалах, нуур, аялал жуулчлалын газруудад очих, бага насны хүүхдүүд бөөгнөрч тоглох, амны хаалтгүй иргэд олшрох зэрэг хайхрамжгүй үйлдлүүд ажиглагдсаар байна. Хэрэв иргэдийн энэхүү хандлага хэвээр үргэлжилбэл халдвар орж ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарахгүй. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай байна” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр хэллээ.

Холбоотой мэдээ