ТОП 100 ААН-үүдийг зарлаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-20 11:42:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохин байгуулдаг ТОП-100 ААН-ийг эрэмбэлэх ёслолын ажиллагаа яг одоо цахимаар явагдаж байна. Энэ жилийн хувьд "Тавантолгой түлш" ТОП-100-д оржээ. 

Монгол Улсын шилдэг, ТОП-100 ААН-үүдийг 19 дахь удаагаа шалгаруулж байна. ТОП ААН-үүдийг:

  • тухайн жилийн орлого,
  • улсын төсөвт оруулсан татвар,
  • нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон
  • ажилтнуудын тоо гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүдийн хамтарсан ажлын багийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлдэг юм.

Энэ жил "COVID-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП ААН-үүдийг өргөмжлөх, эрэмбийг цахимаар зарлаж, "Блүүмберг" телевизээр шууд дамжуулж байна. ТОП-100 ААН-д "Бласт", Таванбогд фүүдс" ХХК-ийн "KFC" сүлжээ, "Uniservice", "Централ экспресс" ХХК-ийн харьяа "Cu" сүлжээ, "Сүү", "Тавантолгой түлш" тус тус жагссаныг танилцуулж байна. 

Цаашлаад "Жи мобайл", "Эко констрашн", "Монос", мөн "Тавантолгой Шин", "MCS интернэйшнл", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр", "Ойн бирж", "Алтан жолоо групп", "Таванбогд групп", "Хурд групп", "Номин холдинг", "Миний дэлгүүр" сүлжээ тус тус эрэмбэлэгдээд байна. 


ТОП-100 ААН-ийн тоогоор Өмнөговь аймаг манлайлав


Энэ удаагийн ТОП-100 ААН-үүдийг аж ахуйн хэлбэрээр авч үзвэл, 82 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 9 нь хувьцаат компани (ХК), 6 нь төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК), 1 нь хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) байна. 

Байршлаар авч үзвэл, 73 нь нийслэлд, 12 нь Өмнөговь аймагт, 3 нь Сэлэнгэ, мөн 3 нь Орхон аймагт, 2 нь Дорнодод, бусад аймгаас тус бүр 1 ААН байна.

Салбараар нь авч үзвэл, 27 ААН буюу хамгийн их нь худалдаа-үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Удаалаад ТОП-100 ААН-ийн 20 нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт байна. 


2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ний 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. 2018 онд ТОП 100 ААН-ийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15 хувиар өссөн. ААН-үүдэд жиллагсадын тоо 6 мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байгаа ба нийт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.





Холбоотой мэдээ