БНСУ-ын эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д коронавирусний халдварын 32 тохиолдол өчигдөр шинээр бүртгэгджээ. Тус улс шөнийн клубүүдэд гарсан голомтот халдварын тархалтыг хязгаарлаж чадсан ч Сөүл хотын нэгэн эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүй байна.
БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, тус эмнэлгийн дөрвөн сувилагч халдвар авсан нь батлагдсанаар тэдэнтэй ойр байсан 623 хүнийг шинжилгээнд хамруулж байна. Тэдгээр сувилагч халдвар гарсан караоке, баараар үйлчлүүлээгүй, батлагдсан тохиолдлуудтай хавьтал болоогүй. Тиймээс тухайн халдварын эх уурхайг шуурхай илрүүлэхээр ажиллаж байгаа тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
"COVID-19" халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэнээс 4.9 сая хүн өвчилж, 324 мянган хүн нас баржээ. Мөн 1.9 сая хүн эдгэрч 2.7 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна.