Цай Инвэнь: "Нэг улс - хоёр тогтолцоо" зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-20 13:44:24

ХОНКОНГ. /СЯНГАН/. /TASS/. Тайван замаар нэгдэх үндэс суурь хэмээн Бээжингийн санал болгож буй “нэг улс-хоёр тогтолцоо” нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зарчим юм гэж Цай Инвэнь Тайванийн засаг захиргааны тэргүүний хувиар хоёр дахь удаагаа тангараг өргөх үеэрээ мэдэгджээ.


“Тайванийн статусыг доошлуулж, Тайванийн хоолойн статус-квог алдагдуулахын тулд Эх газрын Хятадын эрх баригчдын бидэнд тулгаж буй “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг бид хүлээж авахгүй. Бид энэ байр сууриа хатуу баримтална” гэж Цай Инвэнь үг хэлэхдээ цохон тэмдэглэжээ. Түүний тангараг өргөх ёслолыг Тайбэй хотоос шууд дамжуулсан байна.


“Тайванийн хоолойн хоёр талын харилцаа түүхэн эргэлтийн мөч дээр ирээд байна. Хоёр тал хоёул удаан хугацаагаар зэрэгцэн орших арга замыг олох ёстой бөгөөд эвлэршгүй зөрчил, санал зөрөлдөөн даамжрахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж Цай Инвэнь цохон тэмдэглэжээ.


Тэрбээр бүс нутгийн тогтвортой байдалд оруулсан хувь нэмрийг бэхжүүлэх зорилгоор Бээжинтэй яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Сүүлийн дөрвөн жилд Тайбэйгийн засаг захиргаа Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд "бүс нутгийн төвөгтэй, өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай нүүр тулан" "хамгийн их хүчин чармайлт" гаргасан гэж тэрбээр хэлсэн байна. “Бид энэхүү хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдалд илүү тодорхой хувь нэмэр оруулахын тулд эх газрын Хятадтай хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Цай Инвэнь мэдэгджээ.


Нэгдүгээр сарын 11-нд болсон сонгуульд Эх газрын Хятадад ойртох бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан дэвшилтэт намаас Тайванийн засаг захиргааны одоогийн тэргүүн илт давуу ялж, дөрвөн жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон юм.


Цай Инвэнийг 2016 онд төрийн эрхэнд гарсны дараа Хятад, Тайванийн харилцаа “хөрж” эхэлсэн юм. Тэрбээр "нэг Хятад" гэсэн үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өмнөх эрх баригч Гоминьдан намын БНХАУ-тай аажмаар ойртох бодлогыг өөрчилжээ.


Холбоотой мэдээ