Хуурамч картаар залилсан гэмтнүүдийг баривчлан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-06 15:56:47

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү кибер гэмт хэрэгтнүүдийг илрүүлснээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэдгээр сэжигтнүүдийг Эрүүгийн цагдаагийн газраас кибер гэмт хэрэг болон хуурамч виза карт ашиглан бусдад хохирол учруулсан гэмт хэргийг  шалгаж байна.

Дээрх сэжигтэй этгээдүүд компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, программ ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч  24783 иргэд, алба хаагч, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг хуулбарлан авсан нь нэгжлэгээр илэрчээ. Бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч программ ч бэлтгэсэн  байжээ. 1997 онд төрсөн Т, 1985 онд төрсөн Х нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Гадаад иргэдийн виза картын мэдээллийг хууль бусаар ашиглан онц их хэмжээний гүйлгээ хийж бусдад хохирол учруулсан хэргийг үйлдсэн нь нотлогдоод байгаа. Тэдний гэрт хийсэн үзлэгээр виза картны бэлдэц, виза картад электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж илэрсэн тул хураан авчээ. Мөрдөн байцаалт үргэлжилж байна.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ