“Johnson's Baby” хүүхдийн цацлагыг Хойд Америкт үйлдвэрлэхээ больжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-05-20 15:09:46

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “Johnson & Johnson” компани АНУ болон Канадад хүүхдийн нунтаг цацлага үйлдвэрлэхээ больж байгаагаа мэдэгджээ. 


“Компани “Johnson's Baby” хүүхдийн цацлагыг оруулаад 100 орчим нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоохоор шийдлээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн АНУ, Канад улсад хэрэгжинэ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.


"Хойд Америкт “Johnson's Baby” нярайн цацлагын эрэлт буурч байгаа нь хэрэглэгчдийн дадал зуршил өөрчлөгдсөнөөс, мөн "бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх болон шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой буруу ташаа мэдээллээс үүдэлтэй" гэж тус компани тэмдэглэсэн байна. “"Johnson & Johnson” компанийн хүүхдийн цацлага аюулгүй гэдэгт бат итгэлтэй хэвээр байна. Дэлхийн улс орнуудын анагаах ухааны мэргэжилтнүүдийн олон арван жилийн туршид хийсэн судалгаа манай бүтээгдэхүүн аюулгүй гэдгийг батална" гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.


“Wall Street Journal” сонинд мэдээлснээр, гуравдугаар сарын байдлаар  “Johnson & Johnson” компанийн эсрэг 19400 орчим хэрэглэгч АНУ-ын шүүхүүдэд нэхэмжлэл гаргажээ. Тус компанийн нунтаг цацлага бүтээгдэхүүн нь ховор төрлийн хорт хавдар болох мезотелиома үүсгэдэг шөрмөсөн чулуу буюу асбест агуулдаг, мөн өндгөвчний хорт хавдар үүсгэдэг гэж гомдол мэдүүлэгчид үзэж байгаа аж.


“Johnson & Johnson”-ий хүүхдийн нунтаг цацлага дахь асбестын ул мөрийн талаар эрэн сурвалжилсан нийтлэлээ “Reuters” агентлаг 2018 оны сүүлчээр нийтэлжээ. Хүүхдийн цацлагад нь асбест агуулагддагийг тус компани хэдэн арван жилийн турш мэдэж байсан хэдий ч эрх баригчид болон олон нийтээс нуун дарагдуулсан гэж тус агентлаг мэдээлсэн байна.


 


Холбоотой мэдээ