ЭЕШ-д 700-гаас дээш оноо авбал эхний нэг жилийн сургалтын төлбөрийг хөнгөлнө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-05-21 17:47:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ жил 45 дахь удаагийн элсэлтээ авна. 1975 оноос сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй эрхэлж буй тус сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 9 төрлийн мэргэжлээр хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Элсэгчиддээ боловсролын чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор инженерийн боловсролын CDIO санаачилгад нэгдэн, үр дүнд суурилсан сургалтын уул уурхайн ашиглалт, цахилгаан, механик, авто, ашигт малтмалын баяжуулалтын технологи, барилга, хүрээлэн буй орчны инженер бэлтгэх болон ОХУ-ын Уралын их сургуультай хамтран Металлурги, металл технологи 2+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Тус сургуулийн элсэгчид элсэлтийн ерөнхий шалгалтад 700-гаас дээш оноо авсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх бол, 650-699 оноо авсан элсэгч 50 хувь, 600-649 оноо авсан элсэгч 30 хувийн хөнгөлөлттэйгөөр тус тус суралцах аж.

Мөн 2020 онд элсэлтийн ерөнхий шалгалтаа математикийн хичээлээр өгч 450-аас дээш оноо авсан болон улс аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн төгсөгчдийг урилгаар элсүүлэх ажээ. Түүнчлэн үнэлгээний голч дүнг харгалзан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол-21” сан, Технологийн сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг болон төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагуудын дэмжлэг, хөнгөлөлт эдлэх боломжтой гэж тус үйлдвэрийн ХМОНХ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ