Б.Жонсон зөвлөхөө огцруулсангүй

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-25 13:36:17

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн гол зөвлөх Доминик Каммингсийг хөл хорионы дэглэм зөрчсөн хэмээн буруутгаж байгаатай холбогдуулан албан тушаалаас нь огцруулаагүй байна. Каммингс хууль зөрчөөгүй хэмээн Б.Жонсон үзэж байгаа аж.


“Доминик Каммингстай би маш сайн ярилцсаны эцэст түүнд өөр сонголт байгаагүй нь хол замд гарах шалтгаан болсон гэдгийг ойлгосон” хэмээн Б.Жонсон хэлжээ.


Ерөнхий сайдын зөвлөхийг тойрсон дуулиан шуугиан дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор эрх баригч Консерватив намын олон гишүүн, парламентын сөрөг хүчин Каммингсыг албан тушаалаас нь даруй огцруулахыг Б.Жонсонд уриалжээ. Харин ерөнхий сайдын ажлын алба, засгийн газрын гишүүд Б.Жонсоны баруун гар гэгдэх зөвлөх Каммингсыг өмөөрчээ. 


Улс оронд гэрээсээ явахыг хориглосон хөл хорионы дэглэм үйлчилж байхад Каммингс Лондон хотоос 400 км зайд байрлах Дарем хот руу настай эцэг эх рүүгээ явсан тухай Их Британийн хэвлэлүүд баасан гарагт мэдээлжээ.


Ерөнхий сайдын ажлын алба Каммингсын энэхүү үйлдлийг тайлбарлахдаа, ерөнхий сайдын зөвлөх гэргийн хамт коронавирусээр халдварласан учир 5 настай хүүгээ асруулахын тулд эцэг эх рүүгээ явсан гэжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Каммингсыг хөл хорионы дэглэмийг нэг бус удаа зөрчиж байсан талаар мэдээлсэн хэдий ч Засгийн газрын гишүүд энэ мэдээллийг няцаасан байна. 

Холбоотой мэдээ