Комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит хүндэтгэлийн талбай байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-25 13:52:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ОБГ-ын хамт олон комиссар Д.Батбаатар агсны дурсгалд зориулж, түүний нэрэмжит Хүндэтгэлийн талбай байгууллаа.

Тэрээр 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтрааж яваад МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн юм.

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 17 дугаар тогтоолоор комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит талбай байгуулах шийдвэр гаргасан бөгөөд ОБГ-ын хамт олон өөрсдийн нөөц боломжийг ашиглан ийнхүү Хүндэтгэлийн талбайг байгуулсан байна.

Д.Батбаатар 1960 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн бөгөөд галын аюулгүйн инженер, төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн, техникийн ухааны магистр цолтой хүн байжээ.

Тэрээр 1980 оноос Гол түймэртэй тэмцэх газарт гал сөнөөгч, Галын аюулаас хамгаалах газарт туслах байцаагч, байцаагч, Гал түймэртэй тэмцэх газрын захиргааны хэлтэст ахлах байцаагч, Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн хяналтын тасгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос Гал түймэртэй тэмцэх байгууллагын дэд дарга, III хэлтсийн дарга, Гамшгаас хамгаалах Ерөнхий газар буюу одоогийн ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 

Д.Батбаатар нь Гал түймэртэй тэмцэх байгууллагад 28 жил тасралтгүй ажиллаж, Цэргийн хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар шагнуулж байсан аж.

Тэрээр галын аюулаас урьдчилан сэргийлэх, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, гал унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, төв орон нутгийн Гал түймэртэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байсныг түүний түүх, намтарт тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ