П.Батзориг:Аюулгүй ажиллагаагаа л нэн тэргүүнд тавьж ажилладаг болмоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-31 17:33:58

Завхан /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас “Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж дуусжээ. Энэ чиглэлээр Завхан аймагт ямар төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар Завхан аймгийн Цагдаагийн газрын  Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч П.Батзоригтой цөөн хором ярилцав.


-Улсын хэмжээнд “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг зохион байгуулж дууссан. Манай аймагт энэ үеэр ямар төрлийн үйл ажиллагааг зохион байгуулав?

-“Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг Завхан аймгийн 24 суманд 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Энэ үеэр аймгийн хэмжээнд мэргэжлийн хяналтын газартай хамтран барилга барьж байгаа, зам засварын болон бусад үйлдвэрлэл явуулж буй компаниудын хөдөлмөр аюулгүй байдлыг шалгах ажлыг зохион байгууллаа.

-Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэж ямар гэмт хэргийг хэлдэг юм бол?

-Энэ төрлийн гэмт хэргүүд барилга, уул уурхай болон ямар нэгэн үйлдвэр дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас ихэвчлэн гардаг. Барилга угсралт, уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих цаг хугацаа ирж буйтай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд  хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан.

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд ямар түвшинд байна вэ? Мөн Завхан аймгийн тухайд?

-Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 88 бүртгэгдэж 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өсөж, 2020 эхний улиралд 33 бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Харин Завхан аймгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг 2019 онд дөрөв бүртгэгдсэн. Энэ нь 2018 онтой харьцуулахад хоёр хэргээр буюу хоёр дахин өссөн. 2020 оны эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд он гарсаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон 14, эрүүл мэндээрээ хохирсон 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

-Ер нь Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг ямар хуулиар зүйлчилсэн байдаг юм бэ?

-Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг хуучин эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйл ангиар зүйлчлэгддэг байсан. Одоогийн байдлаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасны дагуу бусдын амь насыг болгоомжгүй хохироох болон 11.3, 11.5 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулан шалган шийдвэрлэж байна.

Завхан аймгийн тухайд энэ төрлийн гэмт хэргийн гаралт жилдээ 2-3 бүртгэгдэж байдаг. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг аймгийн хэмжээнд бүртгэгдээгүй байна.

-Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэв үү?

-Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж үзэхэд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, барилга дээр ажиллаж буй ажилтан нь өөрийн эрх үүргээ мэддэггүй. Аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй. Мөн хамгаалах хэрэгслийг өдөр тутамдаа хэрэглэдэггүй. Ажлын талбайн эмх цэгц ерөөсөө байдаггүй. Өндрөөс унах болон бусдын дээрээс багаж хэрэгсэл, бусад эд зүйл унахаас урьдчилан сэргийлж хамгаалалтын хаалт, торыг хийдэггүй. Хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй ч байна. Зарим газар инженертэй боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчдадаа өдөр тутамд өгдөггүй.


Барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн нэмж хэлэхэд иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлаа сайн ханган ажиллаж цалин авахаа нэн тэргүүнд тавихгүйгээр аюулгүй ажиллагаагаа л нэн тэргүүнд тавьж ажилладаг болмоор байна. Тиймээс иргэдийг өөрийнхөө, мөн гэр бүлийнхээ төлөө өөртөө болон бусдад учирч болох гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар судлан дагаж мөрдөхийг ташрамд уриалж байна.

-Танд баярлалаа.     


Холбоотой мэдээ