"Сумын төвийн шинэчлэл" төсөл нээлтээ хийлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-27 16:38:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн үүд гэгддэг Өлзийт суманд “Сумын төвийн шинэчлэл” төслийн нээлт энэ сарын 26-ны өдөр боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төсөл улсын хэмжээнд 10-аад суманд ажлаа эхлүүлээд байгаагийн нэг нь Өлзийт сум юм.

Хотын төвлөрлийг сааруулахад чухал түлхэц болох сумын төвийн шинэчлэл нь “Сумандаа сайхан амьдаръя” уриатайгаар хэрэгжиж буй. “Сумандаа сайхан амьдардаг болчихвол монголын тал нутаг эзэнтэй болно, монголын мал аж ахуй хөгжинө. Ийнхүү иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөл бүрдсэний дараа монгол малчид малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт үйлдвэрлэлийг сумандаа хийж үнэд хүргэдэг болгох ажил үргэлжилнэ” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байсан.

Төслийн хүрээнд энэ жил Өлзийт суманд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хот тохижилт, барилга угсралт, дулаан хангамжийн ажил өрнөхөөр болжээ. Мод суулгах, зам барих, дулааны шугам сүлжээ татах зэрэг ажилд нутгийн иргэдийн идэвх зүтгэл, хамтын ажиллагаа чухал болохыг орон нутгийн удирдлагууд мөн үеэр сануулж байв.

Орчин үеийн шийдэл бүхий, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн сумдыг Өлзийт сум түүчээлнэ.

“Сумын төвийн шинэчлэл” төслийг ирэх жил 99 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ