ОХУ-д коронавирусний халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас барлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-28 16:35:18

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8371-ээр нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 379051-д хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.


Шинэ тохиолдлуудын 2054 нь Москва хотод, 774 нь Москва мужид, 338 нь Санкт-Петербургт, үлдсэн нь бусад бүс нутагт илэрсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 3560 нь халдварын шинж тэмдэггүй байжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвараар 174 хүн нас барсан байна. Энэ нь нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм. Өмнө нь тавдугаар сарын 26-нд 161 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш нас барсан хүний  тоо 4142-т хүрсэн бол 150993 хүн бүрэн эдгэрсэн байна.


ОХУ халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт орсон хэвээр байна. Энэ үзүүлэлтээр нэгдүгээрт АНУ, хоёрдугаарт Бразил бичигдэж байгаа юм.


Одоогийн байдлаар тус улсад 9.7 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 285 мянган хүнд шинжилгээ хийжээ.


Холбоотой мэдээ