Д.Трамп: Хонконгт давуу эрх олгохоо зогсооно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-30 10:27:56

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын парламент Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсантай холбогдуулан тус онцгой бүсэд худалдааны давуу эрх олгохоо зогсооно гэж мэдэгдлээ.


Мөн Д.Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг /ДЭМБ/ БНХАУ-ын утсан хүүхэлдэй болсон хэмээн буруутгаад, тус байгууллагатай харилцаагаа тасална гэж баасан гарагт мэдэгдсэн талаар "Reuters" агентлаг мэдээлжээ. 


“Би Хонконгт давуу хийгээд тусгай эрх олгох бодлогыг халах үйл явцыг эхлүүлэх чиглэлийг засаг захиргаандаа өгсөн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.


Гэсэн хэдий ч тэрбээр ямар алхмуудыг хэрхэн, ямар дараалалтайгаар хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд “CNBC” суваг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулга хүсэхэд хариулахаас татгалзсан байна.


Үүнээс гадна Д.Трамп, АНУ ДЭМБ-аас гарна гэж мэдэгджээ. Тус улс нь Женев хотод төвтэй ДЭМБ-д 1948 онд элсжээ. Шинэ коронавирусний тархалт Вашингтон, Бээжингийн хурцадмал байдал өсөн нэмэгдэхэд хүргэсэн юм.


Д.Трамп Хятадын эрх баригчдыг вирусний талаар ДЭМБ-д мэдээлэх “үүргээ биелүүлэхээс татгалзсан” хэмээгээд, “дэлхий нийтийг төөрөгдүүлэхийн” тулд тус байгууллагад шахалт үзүүлсэн гэж хэлжээ. Түүний гаргасан энэхүү шийдвэр хэзээнээс хэрэгжих нь хараахан тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ