Хил нэвтэрсэн иргэдийг хилийн заставын 5 ажилтны хамт тусгаарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-31 20:43:35

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-ны өдөр ОХУ-ын Тува улсын талаас морьтой хил нэвтрэн орж ирсэн хоёр монгол иргэнийг болон саатуулсан хилийн заставын 5 ажилтны хамт аймгийн Халдвартын тасагт тусгаарлалтад аваад байна.

Тэднийг өнөөдөр өглөө 9 цагт тусгаарлаж ажиглалтад авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн халуурсан шинж тэмдэггүй байна. Тусгаарлагдсан 7 иргэнээс шинжилгээний дээж авч Улаанбаатар хот руу илгээжээ.

Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 30-ны өдрийн 21 цагийн үед аймгийн Онцгой комиссын шуурхай штабт Давст сумын нутгаар ОХУ-ын Тува улсын талаас 2 монгол иргэн морьтой хил нэвтэрснийг Хилийн цэргийн 0245-р ангийн заставын 5 ажилтан баривчлан саатуулсан тухай мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу шуурхай штабын бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаад өнөөдөр өглөө иржээ. Давст сумын 2 иргэн ОХУ-ынТува улсын талаас хил зөрчиж орж ирсэн бөгөөд тэд тус улсын иргэдтэй уулзсан байх магадлалтай аж. Иймээс эдгээр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ийнхүү тусгаарлаад байна. Мөн тэднийг саатуулсан Хилийн цэргийн 0245-р ангийн заставын 5 ажилтныг хамтад нь тусгаарлажээ. Аймгийн Онцгой комиссоос халдвар хамгаалал, хяналт тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Холбоотой мэдээ