Арвайхээрийн хүү дэлхийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 10:44:04

Ираны Тегеран хотноо зохиогдсон диф буюу сонсголгүй иргэдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо.

Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн “Тусгай бүлэг”-ийн сурагч бөгөөд аймгийн Биеийн тамир спортын газрын "Их Монголын хүчтэн" дэвжээнд харьяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг аж.

2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан, 2015 оны чөлөөт бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай өрсөлдсөн зэрэг олон амжилтын эзэн болсон н.Эрхэмбаяр хүү Ираны бөх Нассер Каримиг ялж дэлхийн аварга болжээ.

Түүнийг дэлхийн аваргын тэмцээнд оролцоход аймгийн Засаг даргын Тамгын газар, Дифлимпийн хорооны дарга Энхбаяр, Дэлхийн зөн Монгол Өвөрхангай ОНХХ, “Соёмбо” цогцолбор сургууль, тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг, "Хасу Мега старс" клубын хамт олон тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ