Хүүхэд, багачуудын сурч боловсрох орчныг сайжруулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-02 10:41:01

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн тухайд нийт 33961 хүүхэд байгаагийн 7719 нь СӨБ-д, 18192 нь ЕБС-д хамрагдан сурч байна. Аймгийн зүгээс хүүхэд багачуудын сурч, боловсрох орчин нөхцөлийг сайжруулан ажилласан байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн орыг 755, ЕБС-ийн хичээлийн байрыг 3700 хүүхдийн суудлаар, дотуурын байрыг 195 ороор тус тус хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Мөн “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхдийг суралцахын зэрэгцээ урлаг спортын нэг төрлөөр хичээллүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Аймгийн Хүүхдийн урлаг, спортын их наадмыг 2017 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж, нийт 5200 гаруй хүүхэд багачууд урлаг спортын төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулсан. Мөн хүүхэд багачууд, залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчныг бүрдүүлэх зорилгоор Цэцэрлэг хотын усан оргилуур, Бөх билэгтийн саад, Барилгачдын саад, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, Бурхан багшийн сэрэг дүр орчны тохижилт, Тамир кино театрыг засварлан тохижуулж ашиглалтад оруулснаас гадна 8 суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай, модон цамхаг бүхий цогцолборыг бариулжээ

Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, дулааны алдагдал багатай Хүчирхийллээс түр хамгаалах байрыг барьж ашиглалтад оруулж, Эрүүл хүүхэд- Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 7727 хүүхдийг үзлэгт хамруулж, үйлчилгээ үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ