Музейн үзмэрүүдийг онлайнаар үзүүлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-03 18:48:11

Завхан /МОНЦАМЭ/. Завханы орон нутгийг судлах музейгээс COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр сар бүр музейн үзмэрүүдийг цахимаар танилцуулж байна.

Тухайлбал өнгөрсөн сарын эхний долоо хоногт соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор холбоотой үзмэрүүдийн танилцуулга лайвыг хийжээ.

Мөн "Музейн нээлттэй өдөр"-үүдийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалын дагуу соёлын биет бус өвүүдийн талаарх таван удаагийн лайвыг хийжээ. Мөн лайв хийхдээ мэдээллээ төрөлжүүлж угсаатны зүйн үзмэрүүд, соёлын биет өвийн үзмэр, алдартнуудын үзмэр гэхчлэн ангилж системтэй мэдээллийг өгчээ. Түүнчлэн өөрийн цахим хуудсаар дамжуулан үзмэр тус бүрийн тайлбар, зурагтайгаар нь мэдээллийг өдөр бүр оруулж байгаа ажээ. 

Ташрамд, Завхан аймаг "Орон нутаг судлах музей"-г иргэдэд энэ үеэр нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай. Хөл хорио тогтоосонтой холбоотой иргэдэд музейн үзмэрүүдийг лайв хийж тайлбарлагч хөтөчтэйгөөр өнөөдрийн байдлаар 13 удаагийн цахим үйлчилгээг үзүүлжээ. Энэ арга хэмжээнд нийт 8600 гаруй иргэн хандалт хийж үзсэн байна.  


Түүхийн талаарх үзмэрүүдийг хүүхдүүдэд

зориулан онлайнаар үзүүлэв

Музейн нээлттэй өдрийн хүрээнд өнгөрсөн жил аймгийн орон нутаг судлах музейг 3700 гаруй насанд хүрэгчид 400 орчим хүүхэд үзэж үйлчлүүлжээ. Түүнчлэн Улиастай сумын 9 цэцэрлэгийн дунд, ахлах бүлгийн 830 гаруй хүүхдэд орон нутгийн музейг үнэгүй үзүүлжээ. 

Тэд энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүдэд бахархан дуурайх алдартнууд, Монголын түүхийн талаарх сонирхолтой үзмэрүүдийг тайлбарлаж, хүүхдүүд музейтэй танилцсан тухайгаа зургаар илэрхийлж музейн алтан фондод дурсгажээ. Мөн Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ Лаборатори сургуулийн түүхийн багш Н.Ууганбилэг багштай хамтран “Монголын түүх” хичээлийн хүрээнд "Бахархан дуурайх алдартнууд" сэдэвт хичээлийг ахлах ангийн сурагчдад нийт долоон удаа музейн танхимд явуулсан нь сонирхолтой үр дүнтэй сургалт болжээ.

Харин цар тахлын хөл хорионы үеэр хүүхдүүдэд түүхтэй холбоотой музейн үзмэрүүдийг төрөлжүүлэн тайлбарлаж онлайн орчинд лайв хийж үзүүлсэн байгаа. Түүх бол бидний суралцах бас нэг өв юм. Тиймээс манай музейгээс цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд түүхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд түүхийг шимтэн судлах боломжийг цахим орчинд олголоо хэмээн аймгийн Орон нутгийг судлах музейгээс  мэдээлэв.

Холбоотой мэдээ