Майк Помпео Тяньаньмэний талбайд болсон үйл явдалд оролцогсодтой уулзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-06-04 15:38:35

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 1989 оны оюутны бослого хөдөлгөөнд оролцож байсан Хятадын тэрс үзэлтнүүдтэй уулзсан талаар тус улсын Төрийн департамент Бээжинд болсон оюутны жагсаалыг дарснаас хойш 31 жил өнгөрч буйтай холбогдуулан мэдээлжээ.


Энэ уулзалт мягмар гарагт болж, одоо баруунд амьдардаг дөрвөн тэрс үзэлтэн оролцжээ. Тухайн үед оюутны хөдөлгөөний удирдагчид байсан Ван Дань, Генри Ли, зохиолч, шинэчлэлийн төлөөх хөдөлгөөний үзэл сурталч Су Сяокан, оюутан байхдаа Хонконгоос Бээжинд ирж эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байсан Лиан Ли нар уулзалтад оролцсон байна.


Хятадын тэрс үзэлтнүүдтэй Майк Помпео чухам юуны талаар ярилцсаныг дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч энэхүү уулзалт худалдаа, Хонконгийн байдал, коронавирусний цар тахал гэх зэрэг хэд хэдэн асуудлаар Бээжин, Вашингтоны харилцаа хурцадмал байгаа үед болсон юм.


"АНУ 1989 оны зургадугаар сарын 4-ний үйл явдалд олон хүний амь хохирсонд эмгэнэн гашуудаж байгаа бөгөөд хүний ​​эрх, үндсэн эрх чөлөө, ​​нэр төрийг хамгаалдаг Засгийн газрыг мөрөөддөг Хятадын ард түмнийг дэмжиж байна" гэж тус улсын Төрийн департамент Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын ойг тохиолдуулан жил бүр хийдэг мэдэгдэлдээ тэмдэглэжээ. 


Бээжин хотод 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн оюутны бослого хөдөлгөөн зургадугаар сарын 4-нд оргилдоо хүрч, тухайн үед Хятадын эрх баригчид Тяньаньмэний талбайд ардчилсан шинэчлэл хийхийг шаардсан жагсагчдыг цэргийн хүчээр дарсан билээ.


Бээжингийн төвд болсон мөргөлдөөний үеэр оюутнууд, цэргүүд төдийгүй энгийн иргэд амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн тоо баримт одоог хүртэл маргаан дагуулсан хэвээр байгаа бөгөөд албан ёсны мэдээллээр 200 гаруй хүн амиа алдаж, 7000 орчим хүн гэмтэж шархаджээ. Харин хүний эрхийг хамгаалагчид олон мянган хүн амь насаа алдсан гэж мэдэгддэг байна.  


Холбоотой мэдээ