Монгол Улсад ноос, ноолуураар мэргэшсэн шинжээчдийн баг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-09 16:48:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс ноолуурын бэлтгэн нийлүүлэлт болон чанараар дэлхийд тэргүүлэх зэрэгт ордог ч өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд ноолуурын чанараа олон улсад баталгаажуулах шаардлага бий. 

Баталгаажуулахын тулд манай ноос, ноолууран бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Үүнийг хангасан тохирлын тэмдэгтэй байх учиртай. Тохирлын тэмдгийг олгох мэргэшсэн Баталгаажуулалтын албыг Монголын Ноос, ноолуурын холбооны дэргэд байгуулсан бөгөөд энэ алба ноос, ноолуурын салбарын шилдэг, зөвлөх инженерүүдээс бүрдэж байна. Тэдэнд Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын Үндэсний төвийн дарга Ч.Хатанбаатар мэргэшсэн шинжээчийн үнэмлэх, сертификатыг өнөөдөр гардуулж өглөө. Ингэснээр алба болон баг эрхээ аван ажиллаж эхэллээ.


Энэ талаар Монголын Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс тодруулбал, "Мэргэжлийн, салбарын холбооны хувьд манайх дэргэдээ ноос, ноолууран бүтээгдэхүүнд тохирлын тэмдэг олгох Баталгаажуулалтын албатай болж байна. Энэ ажлын хүрээнд мөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, зөвлөх инженерүүдээс бүрдсэн шинжээчийн баг ажиллана. Энэ баг өнөөдөр бүрдэж буй"-г онцоллоо. 


Шинжээчдийн баг хэрхэн ажиллаж, юу хийх талаар Монголын Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батцэцэгээс тодруулахад, "Манай улсын ноолуур сайн чанартайг гадаад дотоодгүй бүгд мэднэ. Гэхдээ үүнийгээ дэлхий нийтэд таниулах хэрэгцээ, шаардлага бий. Энэ талаар манай ноолууран бүтээгдэхүүний "Говь", "Гоёо" зэрэг томоохон үйлдвэрлэгч нар өөр өөрийнхөөрөө танилцуулж тус тусдаа сурталчлаад явдаг. Гэтэл энэ нь манай улсын хувьд хангалтгүй юм. 

Тиймээс энэ бол Монгол Улсын бүтээгдэхүүн юм гэдэг нэрийг гаргахын тулд нэгдмэл нэг удирдлага, зохион байгуулалтад орсон, маркетингийн брэнд нэг тэмдэгтэй болох зорилго бидэнд бий. Үүнийг нэг талаас төр, засаг бодлогоор дэмжин, нөгөө талаас мэргэжлийн холбоо гол ажлыг зохин байгуулж байна. Эцсийн эцэст үйлдвэрлэгч нар маань ойлгож энэ ажил өнөөдөр жигдэрснээр Монгол Улс ноолууран бүтэгдэхүүний патентын нэрээ олон улсад, 33 улс оронд бүртгүүлээд явж байна" гэв. 

Тэрээр, зөвхөн нэрээ бүртгүүлэн гадаад улсуудад бүтээгдэхүүнээ сурталчилна гэдэг бас нэг талын үйл ажиллагаа учир хамгийн гол нь бид дотооддоо стандартаа баталчихсан. Одоо бүтээгдэхүүний чанараа сайжруулж дээшлүүлж, түүнийгээ баталгаажуулах явдал чухал. Үүний төлөө мэргэшсэн баг ажиллана гэдгийг онцоллоо. 


Тодруулбал, өнөөдөр байгуулж буй Баталгаажуулалтын алба манай улс ноолууран бүтээгдэхүүний стандартаа хэр хангаж буйг үнэлэх үнэлгээний багтай болж байна. Мэргэшсэн шинжээчдийн мэргэжлийн энэ баг Монголын ноолууран бүтээгдэхүүн чанарын стандартыг хангаж буй үнэлгээг хийж, улмаар ноос, ноолууран бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлохыг баталгаажуулах юм. 




Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээч нар нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангасан, MNS ISO/IES 17065 стандартын дагуу бүтээгдэхүүнийг баталгаажуулж, баталгаажуулалтын схем, хууль, эрхзүйн зохицуулалтын дагуу итгэмжлэл хийх юм. Ингэхдээ мэргэжлийн өндөр ур чадвар, шударга, хараат бус, ил тод, нээлттэй зарчмыг баримтлан ажиллана гэдэгт итгэж буйгаа Монголын Ноос, ноолуурын холбооны удирдлага илэрхийллээ. Ингэснээр олон улсад өрсөлдөх чадвартай, стандартын хангасан тохирлын тэмдэгтэй ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргахад нэг том алхам болно гэдгийг онцоллоо. 


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ