Коронавирусээр халдварласан 89 хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-11 11:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэд ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан оюутнууд юм.

 

Ингэснээр өнөөдрийн байдлаар “COVID-19”  халдвартай нийт 89 хүн эдгэрээд байна. Манай улсад коронавирусний халдварын 194 тохиолдол бүртгэгдсэнээс ХӨСҮТ-д 105 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 89 хүн хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 58, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 15-ийнх нь ажиглалтын хугацаа дуусчээ.

 

Улсын хэмжээнд өчигдөр 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.  Үүнд, тандалтын зорилгоор цуглуулсан 9 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолооч, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ багтжээ. Мөн Зэвсэгт хүчний дайчдаас 77 хүнд тандалтын шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

 

Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 175 зорчигчоос гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд шинжилгээгээр халдваргүй гарчээ. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу маргааш гарах аж.


Холбоотой мэдээ