Олимпын наадам зохион байгуулагдах эсэх нь вакцин гарган авахаас хамаарахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-11 12:21:36

ТОКИО. /TASS/. Зуны олимп болон паралимпын наадмыг ирэх онд зохион байгуулах шийдвэр нь коронавирусний вакцин гарган авах үйл явцад амжилт олох эсэхээс хамаарахгүй гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.


“Цар тахал дэгдсэний дараа ард иргэд хэвийн амьдралдаа эргэн ороход вакцин чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Гэсэн ч олимпын наадмыг зохион байгуулагчдын хувьд вакциныг гарган авах нь тэмцээнийг явуулах нөхцөл нь болохгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Ирэх онд зохион байгуулагдах олимпын наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг олимпын наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн 3 үндсэн зарчмыг барих аж. Нэг жилээр хойшлуулсан олимпын наадам нь дэлхийн эв нэгдэл, цар тахлын дараах сэргэлтийн бэлгэ тэмдэг болох ёстой гэж олимпын наадмыг зохион байгуулах хороо үзэж байна.


Токиогийн олимпын наадам энэ оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч цар тахлын улмаас тэмцээн нэг жилээр хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдахаар болжээ. 

Холбоотой мэдээ