Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудын цалинг нэмэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-16 15:13:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компанийн удирдлагуудыг ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхийг тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шаардлаа. Уг шаардлагыг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн ҮЭХ-ны дарга Ц.Сувдгэрэл нар өнөөдөр танилцуулав.


Уул уурхайн салбарын дундаж цалин 2.6 сая байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2018 онд цалингаа 15 хувиар нэмсэн ч уул уурхайн салбарын дундаж цалингийн 50 хувьтай л тэнцэж байгаа аж. Энэ талаар үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Ц.Сувдгэрэл “Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, үр дүнгийн шагналыг жил бүр ажилтнууддаа өгч байхад, манайх сүүлийн таван жил нэг ч удаа олгосонгүй. Машин, тоног төхөөрөмжийн түрээс, менежментийн зардал өссөний улмаас алдагдалтай ажиллаж байгаа. Тухайлбал, 2019 онд 27 тэрбум төгрөгийг зөвхөн түрээсийн төлбөрт төлсөн байна. Манай компани 27 жил жигд ажиллаж байгаа үйлдвэр биш, хүдэр зөөдөг уурхай болж хувирлаа” гэлээ. Түүнчлэн компани цалин, урамшууллаа нэмэхгүй бол үйлдвэрийн 1200 гаруй ажилчин тайван цуглаан хийх, ажил хаях зэрэг тэмцлийн дараагийн шатанд шилжинэ хэмээсэн юм.


Үйлдвэрийн ҮЭХ-ноос 2018 оны 6 дугаар сарын 8-нд тус үйлдвэрийн ТУЗ-д цалин урамшуулал нэмэх, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй өнөөг хүрчээ.


И.Даваадорж

Холбоотой мэдээ