Ч.Дэмчигсүрэн: Завхан аймгийн хэмжээнд 47892 сонгогч санал өгөхөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-18 17:54:15

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ямар журмын дагуу явуулах талаар Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Дэмчигсүрэнтэй уулзаж тодрууллаа

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн онцлог юу байна вэ?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Завхан аймаг бүхэлдээ хоёр мандаттай, нэг томсгосон тойрог болсон бөгөөд өмнөх сонгуулиудыг бодвол цар тахлын үед зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой бас хариуцлагатай сонгууль болж байна.  Мөн УИХ-ын сонгуулийг “Коронавирусний халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, 5-р сард Засгийн газраас гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний халдвар, /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх” журам, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн  хүрээнд зохион байгуулж байна.

Хариуцлагатай гэдгийн учир нь нэр дэвшигчээс эхлэн түүний сонгуулийн штаб, ухуулах байр, сонгуулийн хороод, иргэд бүгд дээрх хууль, журмыг ягштал дагаж мөрдөх шаардлагатайг хэлж байгаа юм.

Тухайлбал дээрх журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм. Тиймээс журмын дагуу сонгогч, нэр дэвшигч, намууд хариуцлагатай байх хэрэгтэй юм. 

-Сонгуулийг аймгийн хэмжээнд хүн хүчний ямар нөөцөөр зохион байгуулж байгаа вэ?

-Аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй, сумдын сонгуулийн хороо 126 хүн, хэсгийн хороог 805 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Мөн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа тул мэдээлэл технологийн баг болон мэдээлэл технологийн даамлууд, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд, цагдаагийн албан хаагчид болон цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд  хамтран нийт 1717 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож байна.

-Тус аймагт хэчнээн сонгогч саналаа өгөхөөр байгаа вэ?

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд Завхан аймагт нийт зургаан нам эвслээс 11, бие даагч гурав нийт 14 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнд МАН-аас хоёр, АН-аас хоёр, Та бидний эвсэл /МАХН, ИЗНН, МУНН/-ээс хоёр нэр дэвшигч, Шинэ эвсэл /Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын Шинэ эвсэл/-ээс хоёр нэр дэвшигч, Зөв хүн электорат эвслээс хоёр нэр дэвшигч, Зон олны намаас нэг нэр дэвшигч, бие даагч гурван нэр дэвшигч тус тус нэр дэвшсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас урьдчилсан байдлаар гаргасан тоогоор манай аймгийн хэмжээнд 47892 сонгогч, 111 хэсгийн хороонд саналаа өгнө. Сонгогчдын тоогоороо Улиастай сум 11250 сонгогчийн тоогоороо хамгийн их буюу, Асгат сум 609 сонгогчийн тоогоор, хамгийн бага сонгогчтой байна.

-Сонгогчид саналаа өгөхөд юуг анхаарах ёстой вэ?

-Манай аймаг хоёр мандаттай нэг тойрог болсон. Иймд сонгогчид нэр дэвшигчдээс өөрийн сонгохыг хүссэн зөвхөн хоёр нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг. Харин хоёроос цөөн буюу илүү нэр дэвшигчийг сонгосон тохиолдолд таны саналын хуудас хүчингүй болохыг онцгой анхаарах хэрэгтэй. Мөн сонгогчид саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн шалтгаантай бол тухайн иргэн санал авах байран дээр ирж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

-Санал авах байрын ариутгал цэвэрлэгээ, сонгогчдыг цар тахлын тархалтаас хамгаалахад чиглэсэн ямар зохион байгуулалт хийх вэ?

-Аймгийн Сонгуулийн хороо, аймгийн Онцгой комисс хамтран санал авах бүх байрыг урьдчилан ариутгал хийнэ. Мөн саналаа өгөхөөр ирсэн иргэдийн халууныг хэмжин оруулж, амны хаалтгүй иргэдэд амны хаалт, бээлий өгч, гарыг нь ариутгана. Санал авах байранд хоёр цаг тутамд ариутгал цэвэрлэгээ хийж, хатуу гадаргуутай ширээ сандал, хаалга бариул болон санал тэмдэглэх бал үзгийг ариутгана. Мөн иргэний бүртгэлийн ажилтан техник хэрэгслээ, сонгогчийн  хурууны хээг унших бүрд зориулалтын бодисоор ариутгана. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид иргэдийг санал авах байрын гадаа олноор цуглахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулалт хийж ажиллана.

-Аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдод хандаж, нэмж хэлэх зүйл байна уу?

-Сонгуулийг сайн зохион байгуулахад төр засгаас зардал мөнгөнөөс эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчид ч ихээхэн хөдөлмөр, зүтгэл гарган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэдээ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бүх ажлыг зохион байгуулж байна. Иймд сонгогчид маань сонгууль зохион байгуулж буй төрийн албан хаагчдын заавар зөвлөгөө, шаардлагыг биелүүлж, Үндсэн хуульд заасан онцгой эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллагаа дөрвөн жилд нэг удаа сонгодог боломжоо эх оронч сэтгэл гарган бүрэн дүүрэн хэрэгжүүлж, өөрсдөө санал авах байран дээрээ хүрэлцэн ирж, саналаа өгөн, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Холбоотой мэдээ